Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнийг 1,500-2,000 төгрөгөөр тооцоолж байгаа. Хархорин захаас хотын төв хүртэл явуулах трассыг судална

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Яармагаас Хархорин худалдааны төв хүртэл явах дүүжин замын тээврийн туршилт эхлээд буй. Харин иргэд тус тээврээр хэдэн төгрөг төлж зорчих талаар мэдээлэлгүй байсан юм.

Хотын дарга Б.Пүрэвдагва өнөөдөр(2026.10.07) сэтгүүлчдийн асуултад хариулахдаа үнийн талаар "Дүүжин замын тээврийн кабинуудад хүн суулгахгүйгээр элс, ус хийж даацын туршилтыг явуулж байна.

Уг тээврээр зорчих үнийг 1,500-2,000 төгрөгөөр төлөвлөж, эдийн засгийн тооцоолол хийгдэж байгаа. Дүүжин тээврийн Яармагаас Хархорин худалдааны төв хүртэлх трасст иргэд сэтгэл ханамжтай байвал Хархорин худалдааны төвөөс хотын төв хүртэл явуулах трассыг судалж үзнэ.

Улсын комисс хүлээж авсны дараа арванхоёрдугаар сарын 15-наас дүүжин тээврийн үйлчилгээнд явуулна" гэлээ.

Дүүжин тээвэр тус бүр нь 10 хүний багтаамжтай 98 кабинтай, Яармагаас Хархорин худалдааны төв хүртэл 4.2 км урт шугам, нийт 19 тулгуур багана, хоёр буудалтай, өвлийн улиралд ган татлага дээр мөс тогтвол арилгах эд ангитай, нэг чиглэлд цагт 2,300 орчим зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бол хоёр буудлын хоорондох замыг ойролцоогоор 11 минутын хугацаанд туулах боломжтой байна.