Алексис Грессел: Дүүжин тээврийн замын бүх үндсэн хэсгийг угсарсан тул бид туршилтыг эхлүүлэх гэж байна
Яармагаас Хархорин чиглэлд хэрэгжиж буй дүүжин замын тээвэр төслийн явц 85 хувьд хүрчээ.
Одоогийн байдлаар хоёр буудлын барилгын дотоод засал, системийн тохируулгын ажил хийгдэж байгаа бол барилга угсралтын ажил бүрэн дууссаны дараа системийн туршилт, тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг гүйцэтгэх аж. Туршилтын хугацаанд зорчигч тээвэрлэхгүй бөгөөд ус болон шуудайтай элс ашиглаж кабин бүрийн багтаамжид дүйцэх 750 килограмм жингээр шат дараатай гүйцэтгэх юм байна.
Энэ тухай Пома группийн Монгол дахь төслийн менежер Алексис Грессел “Кабелийн замын угсралтын үндсэн хэсэг болон механик угсралтын ажил үндсэндээ дууссан. Тодруулбал кабелийн замын тулгуур цамхаг, станц, гараашны байгууламжийг суурилуулж дуусаад одоогийн байдлаар цахилгааны системийг ажиллуулах, эхлүүлэх болон системийн туршилтын дараагийн үе шат руу шилжихэд бэлэн болж байна.
Харин 9, 10 дугаар сард кабелийн замын системтэй холбоотой аюулгүй байдлын шалгалтыг үе шаттайгаар хийх бөгөөд эдгээр нь системийг бүрэн ашиглалтад оруулахаас өмнө зайлшгүй хийгдэх туршилт, шалгалтууд юм.
Барилгын хувьд үндсэн ажлуудынхаа ихэнхийг дуусгасан. Бетон цутгалт, фасад суурилуулалтын ажил дуусах шатандаа орсон. Одоо барилгын дотор болон гадна талын өнгөлгөө хийгдэж байгаа. Үүнд будаг, цонх, хаалга суурилуулах зэрэг дотоод заслын ажил багтаж байна.
Кабинуудыг Францаас тээвэрлэн авчирсан. Энэхүү төсөл нийт 98 кабинтай учраас Францаас Монголд тээвэрлэхэд нэлээд олон контейнер шаардлагатай болсон. Кабинуудыг эхлээд түр хадгалах талбайд байрлуулж, дараа нь барилгын талбайд авчран тус тусын эд ангиудыг угсарч, одоо өлгүүр, хавчаар буюу grip-ийн хамт бүрэн угсарч дуусган гарааш дотор байрлуулсан.
Кабелийн замын системийн бүх үндсэн хэсэг угсрагдаж дууссан тул бид туршилтын ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Одоогоор хамгийн түрүүнд хүлээж байгаа зүйл бол үндсэн цахилгаан сүлжээнд холбох ажил юм. Өөрөөр хэлбэл барилгын болон кабелийн замын системийг үндсэн цахилгаан хангамжтай холбож, шаардлагатай цахилгааны тэжээлийг авсны дараа системийн эхний туршилтуудыг эхлүүлэх боломжтой болно. Энэхүү холболт ойролцоогоор нэгээс хоёр долоо хоногийн дотор хийгдэхээр хүлээгдэж байгаа бөгөөд цахилгаан тэжээлээ авсны дараа эхний туршилтын үе шатыг эхлүүлэхэд тодорхой хугацаа шаардагдана” гэв.
Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд барьж дүүжин зам 4.2 километрийн урттай, хоёр зогсоолтой, оргил цагийн үед 2,320 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Зорчигчдыг тус чиглэлд 22 км цагийн хурдтайгаар 11 минутын хугацаанд хүргэх тооцоололтой байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
