Перу улсын орон нутгийн сонгуульд Хитлер Муссолини нэртэй хүн ялалт байгуулжээ
Урьдчилсан дүнгээр Хитлер Муссолини Симеон Флорес хэмээх нэртэй эр Перу улсын орон нутгийн сонгуульд тун бага саналын зөрүүгээр ялалт байгуулсан нь тодорхой болжээ.
Төв-зүүний үзэл баримтлалтай "Ahora Nación" намын нэр дэвшигч тэрбээр Өмнөд Америкийн энэ орны Андын нуруунд оршдог алслагдсан тосгон болох Керопалкагийн даргаар сонгогдсон байна.
45 настай түүний төлөө 229 орчим иргэн санал өгснөөр баруун жигүүрийн "Renovación Popular Perú" намын нэр дэвшигчийг ердөө 25 саналаар ардаа орхижээ.
Хэдийгээр тэр 1,000 хүрэхгүй оршин суугчтай тосгоны даргаар сонгогдсон ч нацист, фашист дэглэмийн хоёр алдартай дарангуйлагчийнхтай ижил нэртэй байгаа нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг ихээр татаад байна.
Перугийн сонгуулийн хорооны мэдээллээр сонгуульд 700 гаруй хүн оролцсоноос Симеон нийт саналын 34 орчим хувийг авчээ.
Нэр дэвшигчийн танилцуулгад дурдсанаар тэр нийслэл Лима хотоос 360 орчим километр зайд орших Уануко мужийн энэ тосгонд төрсөн хүн юм байна.
"Peru21" хэвлэлийн мэдээлснээр Адольф Хитлер, Бенито Муссолини гэх “20 дугаар зууны Европын тоталитар дэглэмийн хамгийн алдартай хоёр зүтгэлтэн"-ий нэрийг өөрийн нэр болгосон нь түүний сонгуулийн өрсөлдөөнийг "онцгой үйл явдал" болгожээ.
Түүний нэр олны сонирхлыг татаж байгаа хэдий ч орон нутгийн хэвлэлүүд 2018 онд Хитлер Гесклин Альба Санчес гэдэг нэртэй хүн Юнгар хотын даргаар сонгогдож байсныг бас мэдээлсэн байна.
Тэрбээр "Би бол сайн Хитлер" гэсэн уриатайгаар сонгуулийн сурталчилгаагаа явуулж, өрсөлдөгч Ленин Владимир Родригес Валвердег ялж байжээ.
2020 онд хуучин Германы колони байсан Намиби улсад Адольф Хитлер Уунона хэмээх улс төрч орон нутгийн сонгуульд ялсан нь бас дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдал болж байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
