АНУ-ын Тагнуулын Tөв Газрын дарга нууцаар Москвад айлчлаад буцжээ

Т.Давааням, ikon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АНУ-ын Тагнуулын Төв Газрын (CIA) дарга өчигдөр Москвад урьдчилан зарлалгүйгээр айлчилсныг хэвлэлүүд олж мэдээлжээ.

Уг мэдээнд өгүүлснээр Мягмар гарагийн өглөө эрт Жон Рэтклиффийн онгоц Москвад газардсан гэнэ. Талуудын аль аль нь айлчлалын зорилго, хэн хэнтэй уулзсан зэргийг нууцалж байна.

Нислэгийн хяналтын нээлттэй мэдээллээс харвал Рэтклиффийг тээвэрлэсэн C-17 цэргийн нисэх онгоц АНУ-аас Латви улсаар дамжин Москва хотын Внуково буудалд хүрчээ.

Мягмар гарагийн орой уг онгоц буцаж хөөрсөн байна.

Flightradar24 сайтын мэдээлэлд Рэтклиффийн онгоц Рига хотоос орон нутгийн цагаар 08:50 цагийн үед хөөрч, цаг гаруйн дараа Москвад газардаж, оройн 17:00 цагийн үед Рига руу буцаж ниссэнийг харуулжээ.

Сошиал сүлжээнд тарсан дүрс бичлэгт Москвагийн төв гудамжаар хурдалж буй автомашины цувааг харуулсан байна.

Уг айлчлалын өмнө АНУ-ын албаныхан агаарын цохилтоо түр зогсоохыг Украины талаас хүссэн тухай Киевийн өндөр албан тушаалтан CBS сувагт ярьжээ.

зураг
 
Тагнуулын Төв Газрын дарга Жон Рэтклифф

Рэтклифф ТТГ-ын даргын хувиар анх удаагаа ОХУ-д айлчилсан нь энэ юм.

Германы нисэх буудал, үйлдвэрийн байгууламжуудад саяхан нисгэгчгүй онгоц илэрсэн нь Оростой холбоотой байж магадгүй гэсэн таамгийг харгалзан үзвэл энэ айлчлал “зөрчлөөс урьдчилан сэргийлэх” зорилготой байж магадгүйг 2019-2022 онуудад Их Британийн цэргийн атташегаар Москвад ажиллаж байсан Жон Форман хэвлэлд ярьжээ.

“Америкчууд ямар нэг ноцтой зүйл тохиолдоогүй л бол ийм өндөр албан тушаалтныг ийм богино хугацаанд урьдчилан зарлалгүйгээр Москва руу илгээхгүй” гэж тэр Radio 4 сувгийн PM хөтөлбөрт оролцохдоо ярьсан байна.

Форман бас уг айлчлал ОХУ-ын шоронд хоригдож байгаа АНУ-ын иргэдтэй холбоотой байх боломжтойг хэлжээ.

Рэтклифф өмнө нь Украиныг дэмжсэн шалтгаанаар Оросын шоронд нэг жил гаруй хугацаанд хоригдсон Америк, Оросын давхар иргэний харьяалалтай Ксения Карелинаг суллах яриа хэлэлцээнд оролцож байсан юм.

Украины дайн эхэлснээс хойш хоёр улсын харилцаа муудаж, харилцан айлчлал маш ховор болоод байгаа.

Рэтклифф нь ерөнхийлөгч Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш Москвад айлчилсан АНУ-ын хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг болж байна.

 

Эх сурвалж: BBC