"Ирэх онд дундаж цалин 10 нэгж хувиар нэмэгдэж, суурь инфляц 1.2 хувиар өсөх төсөөлөл байна"

Б.Бадамгарав, IKon.mn
32 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газар 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хурал(УИХ)-д өргөн барихаа мэдэгдсэн.

Уг тодотголоор урсгал зардлаас 433 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249 тэрбум төгрөг гэх зэргээр нийтдээ 1.4 их наяд төгрөг хэмнэхээр тооцсон гэж Ерөнхий сайд танилцуулсан. Түүнчлэн боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын болон төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмнэ хэмээсэн. Ирэх онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Иймд сонгуулийн мөчлөг тааруулж, цалин хөлс нэмэх шийдвэр гарч байгаа нь эргээд эдийн засагт уршигтай талаар зарим судлаач шүүмжилж буй.

Тэгвэл инфляц ойрын жилүүдийн хамгийн өндөр түвшиндээ буюу 13 хувьтай байгаа энэ үед төсвийн тодотгол эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар Монголбанкнаас тодрууллаа.

Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Н.Ургамалсувд "Эдийн засаг уналтын үед төсөв тэлэх бодлого хэрэгжүүлснээр нийт эрэлтээ нэмэгдүүлдэг. Сэргэлт болон өсөлтийн үед төсвийн "neutral" бодлого хэрэгжүүлснээр инфляцыг тогтворжуулдаг бол халалтын үед төсвийн хумих бодлого хэрэгжүүлэн нийт эрэлтийг бууруулж, инфляцыг барих ёстой байдаг. 

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд төсвийн бодлогыг харахад төсөв дотоод эрэлтийг нэмэгдүүлэх чиглэлд тэлж явж ирсэн. Энэ нь инфляцыг нэмэгдүүлэх нөлөөг үзүүлж байв. Мөн сонгуулийн мөчлөгөө ягштал дагаад урсгал зардлаа тэлсэн.

Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, экспортыг өсгөх, импорт нэмэх, хөрөнгө оруулалтыг нэмэх гэх зэргээр бүх талаар дотоод эрэлтийг нэмэгдүүлэхээр инфляцыг өдөөдөг. Төсвийн үржүүлэгч нөлөө гэж бий. Өөрөөр хэлбэл төсвийн зардал нь дотоод эрэлтийг хэр хэмжээгээр нэмэгдүүлдэг талаар олон талын судалгаа хийсэн. Манай улсад төсвийн үржүүлэгч нөлөө 1.2 байна. Төсвийн зардлын 100 төгрөг нь 120 төгрөг болж дотоод эрэлтийг нэмдэг.

Төсвийн зардлыг нэг нэгж хувиар нэмэхэд эдийн засгийн өсөлтийг 1.2 нэгж хувиар нэмэгдүүлдэг. Мөн төсвийн зардлыг нэг их наяд төгрөгөөр нэмэхэд инфляц 0.9 нэгж хувиар өсдөг. Энэ бол өнгөрсөн үеийн төсвийн тэлэлттэй явсан датанд суурилж тооцсон үзүүлэлт. 

2026 оны төсвийн тодотгол дээр нэг их наяд төгрөгөөр зардлаа нэмээд оруулж ирж байна. Ингэхдээ төсвийн зардал дээр цалин хөлс нэмсэн, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг мөн өсгөлөө.

Хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 10 гаруй хувь нь цалингийн доод хэмжээгээр цалинждаг. Тэгэхээр энэ дүн өссөнөөр дундаж цалин нэг нэгж хувиар нэмэгдэнэ. Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг ялгаатай байдлаар нэмэхэд 170 тэрбум төгрөг зарцуулна. Үүний нөлөөгөөр дундаж цалин 5.6 хувиар өснө гэж тооцсон.

Төрийн албан хаагчдын цалин болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдсэнээр хувийн сектор нь 4.6 нэгж хувиар цалингаа дагаж нэмнэ. Эдгээрээс улбаалан ирэх онд дундаж цалин 10 нэгж хувиар өсөх бөгөөд инфляц дөрвөн улирлын дараа 0.8 нэгж хувиар нэмэгдэж, суурь инфляц 1.2 хувиар өсөх төсөөлөл байна" гэлээ.