ХӨСҮТ: Энэ онд ХДХВ-ийн халдварын 24 шинэ тохиолдол оношлогдсон
ХДХВ-ийн халдварын талаар цахим орчинд тархсан мэдээллийн дагуу Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс дараах мэдэгдлийг гаргалаа.
Тус мэдэгдэлд "Олон нийтийн сүлжээгээр нэр бүхий иргэдийг ХДХВ-ийн халдвартай, ХДХВ-ийн халдвартай хүүхэд төрсөн гэх мэт үндэслэлгүй, худал мэдээллийг цахим орчинд тарааж байна.
Манай төв ХДХВ-ийн халдвартай хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг тандалт, судалгааг хариуцдаг мэргэжлийн байгууллагын хувьд тус мэдээлэлд албан ёсны тайлбар мэдэгдэл хийж байна.
Манай улсад ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийт 451 тохиолдол бүртгэгдсэн.
2026 онд ХДХВ-ийн халдварын 24 шинэ тохиолдол оношлогдсон байна.
Нийт тохиолдлоос нас барсан 73, гадны улс орнуудад амьдарч байгаа 40, эрүүл мэндийн байгууллагын хяналтад тогтмол үзлэг, шинжилгээ, эмчилгээнд хамрагдаж байгаа 322 (95.2 хувь) хүн байна.
Хувь хүний нууцын тухай хууль тогтоомжийн дагуу эдгээр хүмүүсийн эрүүл мэндийн талаарх мэдээлэл нууцлалын өндөр зэрэглэлтэй хамгаалагдсан байдаг. Мөн ХДХВ-ийн халдвартай хүмүүст тусламж үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллага, эмч, мэргэжилтнүүд “Нууцын гэрээ” байгуулж ажилладаг.
Цахим орчинд тархаж буй энэхүү мэдээлэл нь үндэслэлгүй, хүний нэр төрд санаатай халдаж байгаа хуурамч мэдээлэл болохыг мэргэжлийн байгууллагын зүгээс хариуцлагатай мэдэгдэж байна" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
