Арваннэгдүгээр сарын 1-нээс суурь тэтгэвэр тооцож эхэлснээр өндөр настны тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэв

А.Ням-Өлзий, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын 2026 оны төсөвт тодотгол хийснээ танилцууллаа. 

Энэ үеэр төсвийн тодотголыг дагалдуулан өндөр настны тэтгэвэртэй холбоотой хуулийг өргөн мэдүүлсэн бөгөөд уг өөрчлөлт арваннэгдүгээр сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхлэхийг мэдэгдэв. 

Энэхүү өөрчлөлтөөр суурь тэтгэвэр гэдэг ойлголт бодитоор хэрэгжих бөгөөд ахмадын тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэх юм байна. 

Ерөнхий сайд Н.Учрал "Нийгмийн даатгалын шинэчлэлийн багц хуулийг УИХ-аас баталсан. Энэ хуульд суурь тэтгэвэр гэдэг ойлголтыг оруулсан байгаа. Өндөр настны тэтгэвэр тогтоолгосон бол суурь тэтгэвэр олгож эхэлнэ. Суурь тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр тогтооно.

Тэтгэврийн доод хэмжээ буюу 769 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа иргэдийн 1/3 нь төрд 20-иос дээш жил ажилласан байдаг. Олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр тогтоолгоно гэдэг зарчим алдагдаж байсан учраас тэтгэврийн реформыг парламентаар батлуулсан.

Ийнхүү суурь тэтгэвэр олгох заалтыг төсвийн тодотгол баталсны дараагаас буюу арваннэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх тухай заалтыг төсвийн тодотголыг дагалдуулан өргөн бариад байна.

Ингэснээр суурь тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэх бөгөөд дунджаар 220 мянган төгрөгөөр нэмэгдэх юм.

Гэхдээ энэ нь ялгамжтай. Тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгосон ахмадуудад 300 мянган төгрөг, өндөр тогтоогдсон бол арай бага нэмэгдэнэ гэсэн үг" гэлээ.