Монложистикс Групп болон “Эм Эм Эс Инженеринг” ХХК сэргээгдэх эрчим хүчид түшиглэсэн хүнд даацын цахилгаан тээврийн дэд бүтцийг хамтран хөгжүүлнэ
Монложистикс Групп болон “Эм Эм Эс Инженеринг” ХХК Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчид түшиглэсэн хүнд даацын цахилгаан тээврийн цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор хамтарсан компани байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 160 дугаар “Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай” тогтоолын зорилттой уялдаж буй бөгөөд уг тогтоолд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад тулгуурлан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бүхий цахилгаан тээврийн цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлийг тусгасан юм.
Монложистикс Группийн тээвэр, ложистикийн салбарын туршлага, ачаа тээврийн бодит хэрэгцээг “Эм Эм Эс Инженеринг” ХХК-ийн эрчим хүч, инженерингийн чадавх болон “NEXUS NET ZERO” төслийн шийдэлтэй уялдуулан, Монголын анхны өндөр хүчин чадлын цэнэглэх станц, сэргээгдэх эрчим хүч, батарей хуримтлуурын систем бүхий дэд бүтцийг цогцоор нь хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Хамтын ажиллагааны эхний төслийг Монгол Улсын импортын ачаа тээврийн гол коридор болох Замын-Үүд–Улаанбаатар чиглэлийн нийт 670 км замд хэрэгжүүлж, хүнд даацын цахилгаан автомашины тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах ногоон өртөөнүүдийг үе шаттайгаар байгуулна.
Төслийн бүрэн хэрэгжилтийн дүнд импортын авто тээврийн өртгийг 40 хүртэл хувиар бууруулах нөхцөл бүрдэж, Монгол Улсын импортын шатахууны хэрэглээг 3.4 орчим хувиар, нүүрсхүчлийн хийн ялгарлыг жилд 198 мянган тонн хүртэл бууруулах тооцоололтой байна. Түүнчлэн Монложистикс Группийн Монголын тээвэр, ложистикийн салбарын ногоон шилжилтийг манлайлах стратегийн хүрээнд ногоон санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлж, цахилгаан тээвэр, сэргээгдэх эрчим хүч, инженер техникийн салбарт шинэ ажлын байр бий болгох, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой.
Талууд энэхүү хамтын ажиллагаагаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, технологи, инженерийн шийдэлд тулгуурлан Монгол Улсын ногоон тээврийн шилжилтийг дэмжиж, түлшний импортын хараат байдлыг бууруулах, тогтвортой тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулахыг зорьж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
