Төсвөөс хэмнэсэн 1.4 их наяд төгрөгийг хэрхэн зарцуулах вэ?
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны төсвийн тодотголын талаар танилцууллаа.
Урсгал зардлаас 433 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249 тэрбум төгрөгийг хэмнэсний үндсэн дээр 1.4 их наяд төгрөгийг хэмнэсэн төсвийн тодотголыг өргөн барих гэж байгаагаа Ерөнхий сайд мэдээлэв.
Цалингийн нэмэгдэл
Ерөнхий сайд Н.Учрал "Иргэдээ үнийн өсөлтөө хамгаалах тулд цалин хөлс дээр бодлого гаргах хэрэгтэй. Тиймээс ирэх оны төсвийг дагалдуулаад одоогийн 33 хуулиар төрийн албан хаагчдын цалинг ялгамжтай тогтоосон байгааг цэгцлэх Төрийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдлийн тухай хуулийг өргөн барина.
Боловсролын салбарын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд 674.5 тэрбум төгрөг, эрүүл мэндийн салбарын цалин хөлсөнд 90 тэрбум төгрөг, бусад төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд 80.1 тэрбум төгрөг буюу нийт 149 мянган төрийн албан хаагчийн цалинг нэмэхэд 844.6 тэрбум төгрөг шаардлагатай байгаа.
Салбар харгалзахгүй цалинг 50 хувьд хүргэж, ирэх оны төсвөөс инфляцтай уялдуулан нэмэх бэлтгэлийг хангаж байна.
Стратегийн бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулна
Төсвийн тодотгол нь стратегийн бүтээгдэхүүний нөөц, хангамжийг тогтворжуулахад чиглэнэ. Үүнд:
- Улаанбуудайн нөөцийг 100 мянган тонноор бүрдүүлэх,
- Хүнсний ногооны хангамжийг 13 мянган тонноор нэмэгдүүлэх,
- Махны нөөцийг 20 мянган тонноор бүрдүүлэх,
- Зоорь, агуулахын хүчин чадлыг 20 мянган тонноор нэмэгдүүлэх,
- Шатахууны нөөц нэмэгдүүлэхийн тулд газрын тосны бүтээгдэхүүний агуулахыг 299,725 м3 хэмжээгээр шинээр барих, нэмэгдүүлнэ.
Эрчим хүчний засвар, шинэчлэл
Эрчим хүчний салбар нэг кВт.ц эрчим хүчийг 333 төгрөгөөр үйлдвэрлээд иргэдэд 304 төгрөгөөр зардаг. Ийм байдлаар алдагдалтай ажилласаар өнөөдрийг хүрсэн. Гэхдээ эрчим хүчний тарифыг нэмэхгүй гэдэг бодлогыг би барьж ажиллаж байгаа.
Эрчим хүчний тарифыг нэмэхгүйн тулд татаас дээр 107.3 тэрбум төгрөг тавьж байна.
Мөн их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөгийг төсвийн тодотголын хэмнэлтээс зарцуулахаар төлөвлөөд байна.
Гэрт ойр сургууль
Шинэ сургууль барих гэхээсээ илүү “Гэрт ойр сургууль” гэдэг хөтөлбөрийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ. Одоо анги дүүргэлт маш их байгаа. Анги дүүргэлтийг багасгаж, нэг ангид 35-аас дээш хүүхэд сургахгүй байх зорилго тавьсан.
Мөн энэ хөтөлбөрийн эхлэл болгож төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулж байна.
Хувийн сургуулиуд дээр сул орон зайнууд байгаа. Бид тэрхүү сул орон зайг ашиглах ёстой. Хоосон анги танхимуудыг ашиглаж гэртээ ойр сургуулиудад хүүхдээ сурга гэдэг зарчим руу шилжихийн тулд төсвийн тодотгол дээр 50 тэрбум төгрөгийн тусгасан. Ирэх оны төсөвт энэ хөтөлбөр үргэлжлэх болно.
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр
Дэлхий нийтийн хурцадмал нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцөд ирэх дарамтыг бууруулах зорилгоор төсвийн дэмжлэгийн 15 жилийн хугацаатай 200 сая ам.долларын зээлийг УИХ-д өргөн мэдүүлж байна. Үүнийг давхар хийж явахгүй бол ханшаа алдах эрсдэлтэй.
Мөн гамшгийн үеийн нөхцөлт зээлийн шугам буюу байгалийн аюулт үзэгдэл, эрүүл мэндийн онцгой нөхцөл байдал болон эрчим хүч, хүнсний хангамжтай холбоотой онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах 250 сая ам.долларын холимог зээлийн шугам үүсгэнэ" хэмээн танилцууллаа.
Суурь тэтгэвэр
Мөн Нийгмийн даатгалын тухай багц хуульд тусгагдсан суурь тэтгэврийг энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгох болсныг Ерөнхий сайд мэдэгдэв. Тэтгэврийн зөрүүг багасгаж, олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах зарчимд ойртуулах үүднээс бага тэтгэвэр авагчид 300 орчим мянган төгрөгийн суурь тэтгэвэр нэмэгдэж, өндөр тэтгэвэр авдагт нь арай бага буюу 100 орчим мянган төгрөг нэмэгддэг болох аж. Энэ зардлыг 1.4 их наяд төгрөгийн хэмнэлтээс шийднэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

