АШУҮИС-ийн харьяа ерөнхий боловсролын сургуульд энэ хичээлийн жилээс уламжлалт анагаах ухааны туршилтын анги нээгдлээ
Монголын уламжлалт анагаах ухааны өв, мэдлэгийг дараагийн үед өвлүүлэн уламжлуулах, орчин үеийн шинжлэх ухаан, технологи, инновацтай хослуулан хөгжүүлэх зорилгын хүрээнд АШУҮИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуульд Монгол уламжлалт анагаах ухааны сургалттай туршилтын анги нээгдэж, сургалтын үйл ажиллагаа эхэллээ.
2026–2027 оны хичээлийн жилээс хэрэгжиж буй энэхүү сургалтад уламжлалт анагаах ухааныг сонирхон сонгосон анхны 35 сурагч хамрагдаж байна.
Энэхүү сургалтын онцлог нь зөвхөн Улаанбаатар хотын сурагчдаар хязгаарлагдахгүй байгаад оршино. Герман, Япон улсад амьдарч байсан монгол хүүхдүүд эх орондоо ирж, 6 дугаар ангид элсэн суралцаж байгаа бол хөдөө, орон нутгаас олон сурагч хүрэлцэн ирж байна. Энэ нь Монголын уламжлалт анагаах ухааны өв, мэдлэгийг суралцаж, цаашид өвлөн хөгжүүлэх хүсэл, сонирхол хүүхэд, залуусын дунд өргөн байгааг харуулж байна.
Мөн тус сургууль нь дотуур байртай төрөлжсөн сургалтын орчин бүрдүүлж байгаагаараа онцлог. Ингэснээр орон нутгаас ирсэн сурагчид тогтвортой суралцах, сургалт, дадлагын үйл ажиллагаанд бүрэн хамрагдах нөхцөл бүрдэж байна.
Уламжлалт анагаах ухааныг шинэ зууны шинжлэх ухаан, технологи, инновацтай хослуулан хөгжүүлэх нь сургалтын нэг чухал чиглэл юм.
Энэ хүрээнд Боловсролын сайд сурагч бүрд Chromebook гардууллаа. Уламжлалт мэдлэг, өв соёлыг эзэмшихийн зэрэгцээ орчин үеийн технологийг ашиглан суралцах, мэдээлэлд суурилсан мэдлэг, судалгааны арга барил эзэмших боломжийг хүүхэд бүрд бүрдүүлж байна.
Монголын уламжлалт анагаах ухаан нь монголчуудын олон үеэр дамжин уламжилж ирсэн түүх, соёл, мэдлэгийн үнэт өв юм. Энэхүү өвийг зөвхөн хадгалан хамгаалахаас гадна шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, орчин үеийн анагаах ухаан, дэвшилтэт технологи, инновацтай уялдуулан хөгжүүлэх шаардлагатай.
Тиймээс уламжлалт анагаах ухааны сургалтыг ерөнхий боловсролын түвшнээс эхлүүлэн, цаашид мэргэжлийн болон дээд боловсролын шатанд үргэлжлүүлэн суралцах боломжтой шаталсан тогтолцоог бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлж байна.
Сурагчид уламжлалт анагаах ухааны суурь мэдлэг, арга ухаантай танилцахын зэрэгцээ цаашид төрөлжсөн сургалтаар үргэлжлүүлэн суралцаж, эмнэлзүйн орчинд дадлага хийх боломж бүрдэх юм.
Ийнхүү монголчуудын олон үеэр уламжлагдан ирсэн үнэт өвийг шинэ үеийнхэнд өвлүүлэхийн зэрэгцээ шинжлэх ухаан, технологи, инновацтай хослуулан хөгжүүлэх шинэ үеийн сургалтын эхлэл тавигдлаа гэж Боловсролын Яамнаас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!





