Айчи Нагоя 2026: Тивийн олимпод түрүүлсэн тамирчдыг алдаршуулах тайзыг Нагоя хотын төвд барьжээ
Японд энэ сарын 19-нд нээлтээ хийсэн Азийн зуны спортын XX наадмыг зохион байгуулах хороо, Азийн Олимпын Зөвлөл (АОЗ)-тэй хамтран Нагоя хотын төв цэцэрлэгт хүрээлэнд тамирчдыг алдаршуулах зорилгоор тусгай тайз зассан юм.
Азийн наадмын аваргууд болон Японы багаас медаль хүртсэн тамирчид өнөөдрөөс энэ тайзанд гарч, ярилцлага өгөх, олон нийтийн арга хэмжээнд оролцохоос гадна тивийн олимпод оролцож байгаа улсууд өөрсдийн соёлын хөтөлбөрөө танилцуулах боломжийг зохион байгуулагч талаас бэлдэж байгаа нь энэ юм.
Японы хамгийн "хөгшин" телевизийн цамхаг болох байгуулагдсанаасаа хойш 76 жилийн нүүр үзэж байгаа "Mirai Tower"-ын чанх урд байрлах талбайд "One Asia World" уриатай тайзын нээлтэд Японы Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны анхны эмэгтэй ерөнхийлөгч Сэйко Хашимото, Азийн наадамд оролцож байгаа Японы багийн ахлагч, олимпын нэг, дэлхийн гурван удаагийн аварга Косэй Иноуэ, Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг болон бусад төлөөлөгчид оролцлоо.
Ташрамд дурдахад Б.Баттүшиг нь АОЗ-ийн Соёлын хорооны даргаар ажилладаг билээ.
"Hisaya-odori Park"-т Азийн наадмыг дуустал тамирчдыг угтах хэсэг, тусгайлан зассан тайз, хүндэт зочдыг хүлээн авах өрөө, үзэгчдэд зориулсан тэмцээний шууд дамжуулалт, баярын жагсаал хийх талбай зэрэг долоон хэсгээс бүрдсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
