"Эрчим хүчний салбарын дундаж цалин ₮4 сая гаруй болсон. Цалингийн үзүүлэлтээр уул уурхайн салбарынхны дараа орно"
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр энэ салбарынхны цалинг сэтгүүлчид тодрууллаа.
Үүнд сайд Б.Найдалаа "Манай салбарт нийт 17,800 хүн ажилладаг. 11,500 нь төрийн өмчит компанийн ажилтнууд. Компанийн ажилтнууд учраас цалин нь төсөвт суудаггүй, төсвөөс нэмдэггүй.
Долдугаар сард цалингийн санг 10 хувь нэмсэн. Гүйцэтгэх захирлууд зэрэг өндөр цалинтай хүмүүсийн цалин нэмээгүй. Хангалттай өндөр цалинтай бол нэмэхгүй байх бодлого барина.
Харин цалингийн нэмэгдэл нь ажлын ачаалал үүрч байгаа, цалингийн нэмэгдэл шаардлагатай байгаа залуу мэргэжилтнүүд, нэмэгдэл бага авдаг инженер техникийн ажилтнуудад чиглэж байгаа.
Цалин нэмэгдэхээс өмнө буюу 2026 оны зургаадугаар сард Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлснээр эрчим хүчний салбарын дундаж цалин 3,750,000 төгрөг байсан. Долдугаар сард 10 хувь нэмснээр 4,000,000 гаруй болсон. Үзүүлэлтээрээ уул уурхайн салбарын дараа орж байгаа. Хэдийгээр энэ нь олон улсын түвшний өндөр цалин биш боловч бусад салбартай харьцуулахад харьцангуй боломжийн хэмжээнд бий. Бидний хувьд цалинг хавтгайруулан нэмэх биш цалингийн систем, нэмэгдлийн бодлогыг оновчтой болгохыг зорьж байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
