Б.Найдалаа: Ирж буй өвлийн оргил ачаалал 1,956 МВт хүрэх тооцоо бий. Эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1,836 МВт

Б.Бадамгарав, IKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурал(УИХ) дахь ХҮН намын зөвлөлийн өнөөдрийн хурлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийн талаарх мэдээлэл сонсож, цаг үеийн зарим асуудлыг хэлэлцжээ.

Халаалтын улирал эхэлж, эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж буй энэ үед өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа "Эрчим хүчний салбарт энэ жил 20 зуух засварлахаар төлөвлөснөөс одоогоор есийнх нь засвар дууссан, 11-ийнх нь засвар 35-80 хувийн гүйцэтгэлтэй байгаа. 

Нийтдээ 12 турбо генератор засах ёстойгоос наймыг нь засаж дууссан. Дөрвөн турбо генераторын засвар 12-85 хувийн гүйцэтгэлтэй байна. Өвөлжилтийн бэлтгэл дунджаар 79 хувийн гүйцэтгэлтэй хуваарийн дагуу ажиллаж байгаа. 

Мэргэжилтнүүдийн тооцож буйгаар ирж буй өвлийн улиралд Монгол Улсын оргил ачаалал 1,956 МВт хүрнэ. Суурилагдсан хүчин чадал 1,836 МВт. 

Оргил ачааллыг хэрхэн давах талаар тооцож үзэхэд

  • дулааны цахилгаан станцуудаас 1,410 МВт
  • салхин цахилгаан станцаас 30 МВт
  • усан цахилгаан станц 5 МВт
  • батарей хураагуураас 150 МВт
  • үлдэж буй 350 орчим МВт дээр импортоор хангана" гэв.

Өнгөрсөн өвөл "Дулааны Цахилгаан Станц(ДЦС) - III"-ын есдүгээр турбо генераторт осол гарсан. Үүнийг засварлаж буй бөгөөд 2028 оны хоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн тус станцын засварт байгаа долдугаар турбо генератор энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад орох бол ашиглалтын хугацаа нь дууссан тавдугаар турбо генераторыг зогсоож 37 тэрбум төгрөгөөр засварлахаар улсын төсөвт тусгасан гэдгийг сайд Б.Найдалаа хэллээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Оросын Холбооны Улстай хамтран ДЦС-III-ыг өргөтгөх зураг төслийн гэрээг үзэглэсэн. Удахгүй гэрээнд албан ёсоор гарын үсэг зурна. ДЦС-III-ын хүчин чадлыг 300 МВт-аар нэмэх зураг төсөл бэлэн болохоор өртөг нь тодорхой болно" гэв.