Айчи Нагоя 2026: 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг хэсгийн шатанд Филиппинд хожигдсон ч Казахстаныг илүүрхлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Д.Нямбилэг

Японд үргэлжилж байгаа Азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрөл өнөөдөр эхэллээ.

Азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрөлд 23-аас доош насныхан оролцож байгаа. Тиймээс эрэгтэй шигшээд Г.Болор-Эрдэнэ, С.Биндэрьяа, Ч.Тэмүүлэн, Г.Балжинням нар улсынхаа шигшээг төлөөлж буй.

Залуус "A" хэсэгт Филиппин, Казахстан, Шри Ланкийн багтай өрсөлдөхөөр сугалаа татсан. 

Харамсалтай нь эхний тоглолтод Филиппиний эсрэг хийгээд 19:12-оор дийлдэв. Харин хоёр дахь тоглолтод Казахстаны багийг 13:8-аар буулган авснаар эхний өдөр нэг хожил, нэг ялагдалтай боллоо.

Хэсгийн сүүлийн тоглолтоо энэ сарын 23-ны Лхагва гарагт Улаанбаатарын цагаар 11:50 цагаас Шри Ланкийн багтай тоглох хуваарьтай.

Сонирхуулахад 3х3 сагсан бөмбөгийн төрлийн эрэгтэйчүүдийн ангилалд нийт 16 баг өрсөлдөж байна.

Хэсгээ тэргүүлсэн дөрвөн баг шууд шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авах бол хамгийн сүүлд орсон дөрвөн баг хасагдах юм. Харин хэсгийн хоёр болон гуравдугаар байр эзэлсэн багууд нэмэлт тоглолт хийгээд хожсон нь шөвгийн наймд өрсөлдөх боломжтой болно.