Трампын отгон хүү Бэрроны амь насанд заналхийлсэн Ираны бичлэгийг анхааралдаа авснаа АНУ-ын нууц албаныхан мэдэгдэв
Ерөнхийлөгч Дональд Трампын отгон хүүгийн амь насанд халдах хуйвалдааны талаар Ираны төв телевизээр цацагдсан дүрс бичлэгийг анхааралдаа авснаа АНУ-ын нууц албаныхан өчигдөр мэдэгджээ.
“АНУ-ын Нууц Алба уг бичлэгийн талаар мэдэж байгаа бөгөөд бидний хамгаалалтад байдаг хүмүүст заналхийлэх аливаа оролдлогыг мөрдөн шалгах болно. Үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах үүднээс бид энэ талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй” гэж тус албаны хэвлэлийн төлөөлөгч Нэйт Херринг мэдэгдсэн байна.
Ираны төрийн төв телевизээр цацагдсан гурван минутын урт дүрс бичлэгт 20 настай Бэррон Трампын амь насыг хөнөөх төлөвлөгөө яригдаж, түүний шилжилт хөдөлгөөнийг хянаж байгаа болон үүний төлөө $10 саяын шагнал амласан тухай үзүүлжээ.
Бараг зургаан сарын өмнө эхэлсэн дайны турш АНУ болон Ираны талууд харилцан нэг нэгнээ айлган сүрдүүлж, дайсагнасан утгатай үг хэллэг ашигласаар байгаа.
Сүүлийн нэг жилийн хугацаанд Трампын амь насанд халдах Ираны хэд хэдэн төлөвлөгөөний талаар мэдээллийг Израилийн албаныхан АНУ-ын талд өгсөн гэх мэдээлэл бий.
Эдгээрийн хамгийн сүүлийн тохиолдолд өнгөрсөн сарын эхээр Турк улсын нийслэл Анкара хотод болсон НАТО-гийн чуулганы үеэр Трампыг нисэх онгоцноос нь нүүлгэн шилжүүлэх ажиллагааг АНУ-ын нууц албаныхан зохион байгуулж байв.
Трамп өөрөө “Ираны аллагын жагсаалтын хамгийн эхэнд миний нэр байдаг” гэж хэлж байсан удаатай.
Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменигийн амийг хөнөөснөөс хойш Техраны хэвлэлүүд Трамп болон түүний гэр бүлийн гишүүдийн амь насанд заналхийлсэн утгатай мэдээллийг олон удаа цацаж байв.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
