Гурилын үйлдвэрүүд дотоодынхоо улаан буудайг худалдаж авахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг төсвийн тодотголд тусгасан байна

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирэх есдүгээр сараас Ургацын комисс хуралдаж ургац хураалтад шаардлагатай байгаа хүн хүч, эрчим хүч, зам, гүвээ даваа, гүүр далангийн асуудлыг шийдэж есдүгээр сардаа багтаж ургацаа хураах талаар  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат дараах мэдээллийг өглөө. 

Одоогийн байдлаар Зэвсэгт хүчний жанжин штаб болон бусад ААН-үүдтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд оюутнуудыг цалинтай ажиллуулах хувилбарыг их дээд сургуулиудтай хамтран боловсруулж байгаа аж. 

Тухайлбал тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдээс ажиллах хүчний захиалга ирүүлсний дагуу Зэвсэгт хүчний нэгтгэл анги, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн нийт 2,800 цэргийн албан хаагч, сонсогч, оюутан, залуучуудыг ургац хураалтын ажилд оролцуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа юм байна. 

2026 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 115 цэргийн албан хаагч төмс, хүнсний ногооны ургац хураалтад ажиллаж байгаа аж. 

Түүнчлэн таримал ургамлын ургалтын хугацаанд өвчин, хөнөөлт организмын тархалт нэмэгдэх нөхцөл үүссэнтэй холбогдуулан ургамал хамгааллын технологийн зөвлөмжийг гарган тариаланчдын хүртээл болгох ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Мөн цаг агаарын болзошгүй байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, тариалангийн талбайг эрсдэлээс хамгаалах чиглэлээр урьдчилсан анхааруулга, зөвлөмжийг өгч байгаа гэв. 

Мөн 2026 төсвийн тодотголоор хүнс болон стратегийн нөөц бүрдүүлэхтэй холбоотой 150 орчим тэрбум төгрөгийг тусгаад байгаа ба Улаан буудайн стратегийн нөөцийг 100,000 тн-д хүргэх төлөвлөгөөтэй байгаа аж. Түүнчлэн дотоодынхоо Улаан буудайн хэрэгцээг 100 хувь хангаад ирэхээр гурилын үйлдвэрүүд улаан буудайгаа худалдаж авахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг төсвийн тодотголд тусгасан байна. 

Монгол Улсад өнгөрсөн жил 120 гаруй мянган тн улаан буудай импортоор оруулж ирэх зөвшөөрөл өгснөөс одоогийн байдлаар 110 гаруй мянган тн улаан буудай орж ирсэн байна.   

Мөн ирэх хаврын тариалалтад шатах тослох материалаа бүрдүүлэхийг төсвийн тодотголд тусгажээ.