Хайтийн нийслэлийн ойролцоо зэвсэгт дээрэмчид 47 хүний амийг хөнөөж, 50 хүнийг барьцаалжээ

Т.Давааням, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн хамгийн халуун цэгүүдийн нэг Хайти улсын нийслэлийн ойролцоох сууринд өнгөрсөн амралтын өдөр зэвсэгт дээрэмчдийн бүлэг 47 хүний амийг хөнөөж, 50 гаруй хүнийг барьцаалжээ.

Нийслэл Порт-О-Пренс хотын ойролцоох Кенскофф суурин нь харьцангуй тайван газарт тооцогддог байсан юм. Зэвсэгт бүлгийн толгойлогч уг сууринд засгийн газрын хүч халдвал барьцааны хүмүүсийг алахаа анхааруулсан байна.

Ням гарагт болсон уг халдлага Карибын тэнгисийн Хайти улсын нөхцөл байдал сайжирч байгаа гэсэн итгэлийг алдагдуулсан явдал болжээ.

Иргэдийг барьцаалсан бүлгийн толгойлогч сошиал сүлжээнд Хайтийн үндэсний цагдаагийн газрын дарга Владимир Парайсонд хандсан видео мэдэгдлийг нийтэлсэн байна. Тэрбээр өөрсдийнх нь эсрэг дрон ашиглахгүй байхыг анхааруулаад “Парайсон, хэрвээ манай хүмүүсийн хэн нэг нь шархадвал би энд байгаа хүмүүсийг бүгдийг алах болно” гэж мэдэгджээ.

Тэр өөрийгөө Хайтийн хамгийн хүчирхэг зэвсэгт дээрэмчдийн нэг Жонсон Андрегийн ойрын холбоотон гэж танилцуулсан байна.

зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улс төр, эдийн засгийн гүн хямралд нэрвэгдсэн Хайти улсад сүүлийн арван жилийн хугацааны анхны парламентын сонгуулийг  арванхоёрдугаар сарын 13-ны өдөр зохион байгуулахаар бэлдэж байгаа.

Ням гарагийн халдлага нь үүнтэй холбогдуулан зэвсэгт бүлгүүдийн Хайтийн засгийн газарт өгсөн анхааруулга гэж ажиглагчид үзэж байна.

Кенскофф сууринд анхны томоохон халдлага 2025 оны нэгдүгээр сард гарч байжээ. Түүнээс хойш цөөн тооны жижиг халдлагууд гарч байсан бол Ням гарагийнх хамгийн томд тооцогдож байна.

Хайтийн засгийн газар зэвсэгт бүлэглэлүүдээ дийлэхгүй болсон тул НҮБ-д олон улсын хамтарсан хүч илгээх хүсэлт гаргасан нь одоо хэрэгжиж байгаа.

Зэвсэгт бүлэглэлүүд одоо нийслэл Порт-О-Пренс хотын 70 орчим хувийг хянаж, Хайтийн төв бүсийн ихэнх хэсгийг эзэлсний улмаас 1.5 сая хүн орон гэрээсээ дүрвээд байна.

Энэ оны нэгдүгээр сараас зургаадугаар сарыг хүртэл хугацаанд 3,050 гаруй хүн алагдаж, 1,400 орчим хүн шархадсаныг НҮБ-ын өчигдөр нийтлэгдсэн тоо баримт харуулжээ.

 

Эх сурвалж: Associated Press