$658 гаруй саяын төсөвт өртөгтэй ДЦС-5-ын барилга угсралтын гүйцэтгэл 35 хувьд хүрснийг мэдээлэв

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ДЦС-2-ын 26.4 га талбай бүхий Үнсэн сангийн газарт барьж буй “Дулааны тавдугаар цахилгаан станц”-ын бүтээн байгуулалтын ажил энэ оны тавдугаар сарын 4-ний өдөр эхлээд буй.

Нийслэлийн Нэгдсэн Төслийн Газраас мэдээлснээр одоогийн байдлаар зураг төслийн ажлын гүйцэтгэл 57, материал худалдан авалт болон тоног төхөөрөмжийн захиалгын явц 45, барилга угсралтын гүйцэтгэл 35, нийт төслийн гүйцэтгэл 4 дүгээр сарын 22-ноос хойш нийт 44 хувьд хүрчээ. Зуух, турбин, яндан болон бусад үндсэн байгууламжийн суурийн ажил дуусаж, захиргааны болон туслах барилгуудын суурийн ажил үргэлжилж байгаа юм байна.

Төслийн ерөнхий инженер Г.Өлзийбаатар “Барилга угсралтын ажил батлагдсан графикийн дагуу явагдаж байгаа бөгөөд энэ онд үндсэн барилгын суурийн ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Төслийн талбайд 420 гаруй ажилтан, инженер техникийн ажилтан, 70 орчим машин механизм ажиллаж байна" гэв.

Дулааны тавдугаар цахилгаан станц нь 300 мегаваттын хүчин чадалтай, жилд 40 мянган айл өрхийг дулаанаар хангах тооцоололтой. Жилдээ хэвийн ажилласан үед 2.2 тэрбум киловатт цахилгаан эрчим хүч, 1.1 сая Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байна.

ДЦС-5-ыг барих нийт төсөвт өртөг 658.5 сая ам.доллар бөгөөд үүнээс нийслэлийн хариуцах хөрөнгө 20% буюу 131.7 сая ам.доллар. 2025 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн ханшаар тооцоход энэ нь 467.4 тэрбум төгрөг. Үүнээс 2026 онд Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлэн төслийн барилгын ажлын хугацааг 30 сараар тогтоож, 2028 оны III улиралд багтаан ашиглалтад оруулахаар ТЭЗҮ-д тусгажээ.

Бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр Камбож улсын “Митайм интернэйшнл” компани шалгарсан юм.