Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина
Дулааны тавдугаар цахилгаан станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн 26.4 га талбайд барина.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр төсөл хэрэгжүүлэх байршлыг сонгохдоо дэд бүтцийн бэлэн байдал, эрчим хүчний хэрэглээний төвлөрөл, газар ашиглалтын боломж зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзсэн бөгөөд ДЦС-2-ын үнсэн сангийн талбай нь төвийн эрчим хүчний системтэй шууд холбогдох дэд бүтцээр хангагджээ. Энэ нь шинэ станцыг цахилгаан, дулааны сүлжээнд холбох зардал, баригдах хугацааг багасгах, шинээр их хэмжээний газар чөлөөлөх, айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага харьцангуй бага байгаа давуу талтай гэнэ.
Дулааны хоёрдугаар цахилгаан станцын үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш буюу 65 жил хуримтлагдсан үнсийг зөөх ажил дөрөвдүгээр сараас эхэлсэн бол нөлөөлөлд өртөж буй 26 нэгж талбараас 25 нэгж талбарын газрыг чөлөөлжээ.
Тавдугаар цахилгаан станц 300 МВт цахилгаан, 340 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгджээ. Станц 2028 онд ашиглалтад орсноор Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол, 3,4 дүгээр хороолол орчмын 100 мянга хүртэлх айл өрхийг цахилгаанаар, 40 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

