Толгойт өртөөнөөс ДЦС-5 руу төмөр зам барих боломжтой гэсэн дүгнэлт гарчээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ сараас эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж буйг албаны эх сурвалжууд мэдээллээ. Станцыг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд хувийн хэвшлийн түншлэгчээр Камбож улсын “Митайм Интернэшнл” компани шалгарсан юм.
Газар чөлөөлөлтийн хувьд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр ДЦС-II-ын үнсэн сангийн зориулалттай 15.3 га, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Морингийн давааны хогийн цэг орчимд үнсэн сангийн зориулалттай 39 га газрыг нийслэлийн эзэмшилд шилжүүлжээ.
Төслийн нөлөөлөлд өртөж буй 26 нэгж талбараас 22 нэгж талбарын газрыг чөлөөлсөн байна.
Шинэ станцыг төвийн бүсийн эрчим хүчний системд холбох техникийн боломжийг Диспетчерийн Үндэсний Төв судалж, 2027-2028 оны түвшинд нэгдсэн сүлжээнд холбох боломжтой гэсэн дүгнэлт гаргажээ.
Станцын түлшийг тээвэрлэхэд Улаанбаатар төмөр замын Толгойт өртөөнөөс салбар төмөр зам татах боломжийг судалж, шинэ салбар төмөр зам барих боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Технологийн хувьд ДЦС-5 нь агаарын хөргөлттэй конденсатортай мөн усаа дахин ашиглах системтэй тул усны хэрэглээ харьцангуй бага байх онцлогтой. Станц нь эргэлтэд буцламтгай үет шаталттай (CFB) зуух ашиглах тул хүхрийн болон азотын дутуу ислүүдийн ялгаралт буурч, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө мэдэгдэхүйц багасах судалгаа гарчээ.
Дулааны тавдугаар станцыг барих төсөвт өртөг 658.6 сая ам.доллар бөгөөд нийслэлээс хариуцах 20%-ийн санхүүжилтийг ₮200 тэрбумын бонд гаргаж, төлөхөөр болоод байгаа билээ.
ДЦС-5 орсноор Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, III, IV болон I хорооллыг дулаанаар хангах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
