Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ДЦС-5-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих буюу тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулах зөвшөөрлийг хотын даргад НИТХ-аас олгоод буй.
Харин ДЦС-5-ыг барих Камбож улсын “Митайм интернэйшнл” компанитай байгуулах гэрээний нөхцөлийн талаар “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батырбек "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний нийт хугацаа 27.5 жил. ДЦС-5 нь 25 жилийн дараа 100 хувь улсын өмчид шилжинэ гэсэн үг.
Эхний 13 жилд санхүүжилт болон эзэмшил 20:80 байна. Өөрөөр хэлбэл нийслэлээс 20 хувийн санхүүжилтийг гаргаж, 20 хувийг эзэмшинэ. 13 дахь жилээс төрийн эзэмшлийг 34 хувь болгоно. Тодруулбал 25 жилийн хугацаанд төр, хувийн хэвшлийн эзэмшил 34:66 байна. Энэ хугацаанд ноогдол ашиг, холбогдох хураамжаа авна.
Эрчим Хүчний Зохицуулах Хороо болон Диспетчерийн Үндэсний Төвөөс цахилгаан, дулааны үнийг тогтооно. Бидний хувьд цахилгаан, дулааны тарифыг 8.8 центээр тооцож байгаа. ТЭЗҮ-ийг Шинжлэх Ухаан Технологийн зөвлөлөөр батлуулж, ДЦС-5 төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж болно гэж дүгнэсэн" хэмээн танилцуулсан юм.
Түүний хэлснээр “Митайм интернэйшнл” ХХК-ийн талаас 22 жилийн хугацаанд бүх эрсдэлээ хааж, өөрсдийн өртөг, зардлыг хариуцах саналыг тавьжээ. Найман удаагийн хэлцэл хийж айлын талаас тавьсан хугацааг наашлуулж, 13 жил болгосон гэнэ. Ингэхдээ 13 жилийн дараа бүх эрсдэлээ хаагаад хөрөнгө оруулалтаа нөхөж, ашгаа хийн 13 дахь жилээс төр 34 хувийг эзэмшиж, ноогдол ашиг хуваарилах зарчмыг тохирчээ.
Станцын барилгын ажлыг гүйцэтгэх хугацаа нь гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 30 сар буюу 2.5 жил барих нөхцөлтэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!