1.7 сая оршин суугчтай Улаанбаатар хот социализмын үед барьсан дулааны цахилгаан станцуудаа жил бүр сэлбэж, тоног төхөөрөмжийг шатаахгүй өвөлжихийн төлөө залбирч сууна гэдэг дэндүү харамсалтай.
Улаанбаатар хотод 42 жилийн дараа дулаан, цахилгааны шинэ эх үүсвэр баригдахаар болсон нь Дулааны тавдугаар цахилгаан станц "ДЦС-5" юм.
цагаан товчийг хажуу тийш нь хөдөлгөж харах боломжтой.
2012 онд Тавдугаар цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, 3.6 жилийн хугацаанд барьж байгуулах талаар тухайн үеийн Эрчим хүчний сайд мэдээлж байжээ.
Энэ үед "Шинэ цахилгаан станцын ажлыг 2012 оны арваннэгдүгээр сараас эхэлнэ. Гэхдээ мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт зэрэг техникийн чанартай ажлуудаас болж бага зэрэг саатаж байгаа" гэдгийг Эрчим хүчний сайд мэдээлэл өгч байв.
Тухайн цагаас хойш тодорхой хугацаагаар гацсан уг төсөл Эрчим хүчний яамнаас шилжиж, Улаанбаатар хотын удирдлагуудын гарт ирснээр төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжихэд бэлэн болсон байна.
Угтаа 21 дүгээр зуунд анх удаа Төр хувийн хэвшлийн түншлэлээр 340 Гкал дулаан, 300 мегаваттын (МВт) цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал бүхий "ДЦС-5"-ыг барьж байгуулахаар болж, энэ сараас гүйцэтгэж байгууллагатай гэрээ хэлцэл хийж эхэлсэн билээ.
Тус гэрээ хэлцэлд бэлтгэх ажил өнгөрсөн долоо хоногт (2025.09.25) дуусаж, гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулахад бэлэн болсон талаар Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалайтай ярилцав.
- “Дулааны тавдугаар цахилгаан станц” түншлэлд “Митайм Интернэшнл” ХХК ямар шалгуураар сонгогдсон бэ?
- Улаанбаатар хотыг тэлж, түгжрэлийг багасгах, дулаанаар хангах хамгийн чухал цорын ганц том төсөл бол ДЦС-5 юм. Учир нь Улаанбаатар хотод хамгийн сүүлд 1983 онд ДЦС-4 ашиглалтад орсноос хойш том хэмжээний шинэ эх үүсвэр баригдаагүй.
42 жилийн хугацаанд шинээр огт дулааны цахилгаан станц баригдаагүй бөгөөд хүн нь нэмэгдээд байгаа боловч дулаан дутагдаж эхэлсэн. Түүнээс болж дулаан үйлдвэрлэхийн тулд нүүрсээ түлж эхэлсэн. Хотын иргэд төвийн хэсэгт буй хэдхэн дулааны шугам дээр байшин барилгаа шавж барьсаар хэт төвлөрч, түгжрэл үүссэн.
Энэ үйлдвэрийг төрөөс мөнгө гаргаж хийх ёстой байсан боловч төсөв хүрэлцэхгүй байна. Гэхдээ цахилгааны үнийг харьцангуй боломжийн хэмжээнд хүргэсэн энэ үед хувийн хэвшил хөрөнгө оруулаад барьж ашигласны дараа төрд буцаагаад шилжүүлэх нөхцөлөөр төслийг эхлүүлсэн.
Хувийн компаниуд өрсөлдөх боломжийг нээж өгөх үүднээс 20 хувийн зардлыг Нийслэлээс, 80 хувийн хөрөнгө оруулалтыг хувийн хэвшил гаргаж барьж ашиглалтад оруулах нөхцөлөөр зарласан. 2025 оны хоёрдугаар сараас есдүгээр сар хүртэл долоон сарын хугацаанд хуулийн дагуу дөрвөн үе шаттай дөрвөн ажлын хэсэг байгуулагдаж ажилласан.
Ажлын хэсэг хамгийн сүүлд 30 хувийн техникийн туршлага, 70 хувийн санхүүжүүлэх чадвар гэсэн үнэлгээгээр авч үнэлэхэд “Митайм Интернэшнл” ХХК нэгдүгээр байрт орсон.
“Митайм Интернэшнл” ХХК-тай хэлэлцээрийг сүүлийн нэг сарын хугацаанд зохион байгуулж, өчигдөр гэрээний хэлцлийг эцсийн байдлаар тохиролцлоо.
Ажлын хэсгийн зүгээс Засаг даргад өргөн барьсан. Засаг дарга Иргэдийн төлөөлөгчийн хуралд өргөн барьж танилцуулаад зөвшөөрвөл төсөл хэрэгжиж эхэлнэ.
- Олон нийтийн цахим сүлжээгээр “Митайм Интернэшнл” ХХК-ийг Камбожид бүртгэлтэй, Хятад эзэнтэй гэсэн мэдээлэл нийтлэгдээд байгаа. Эрчим хүчний сайд нь хүртэл энэ талаар мэдээлэл өгч байсан.
- Тус компанийг чадамжгүй байж магадгүй гээд туршлага болон санхүүжүүлэлт талаас нь шалгуулсан. Санхүү талаасаа Камбож улсад бүртгэлтэй, олон улсын санхүүгийн хоригт орсон, мөнгө угаах гэмт хэрэгтэй эсэхийг Монголбанкны харьяа байгууллагаас лавлагаа авч шалгуулсан.
Ингэхэд “Митайм Интернэшнл” ХХК нь олон улсын санхүүгийн гэмт хэрэгт орж байгаагүй гэсэн албан ёсны тодорхойлолт гаргаж өгсөн. Мөн банкны санхүүжүүлэлтийн баталгаа бичиг баримтыг ажлын хэсэгт хүргүүлсэн. Хоёрдугаарт Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 30МВт-ын Тосон дулааны станц барьсан. Одоо Сэлэнгэ аймагт нэг станц ашиглалтад оруулж байгаа.
ТЭЗҮ-ээр хөрөнгө оруулалтыг 12.5 жилийн дотор нөхөх бөгөөд станц жилд 2.2 тэрбум Кв.цаг эрчим хүч үйлдвэрлэнэ. Эрчим хүчний зохицуулах хорооноос нүүрсээр ажиллах шинэ станцуудын тарифыг 8.8 центээр баталж байгаа.
Энэ хүрээнд жилд 7,500 цаг ажиллахаар тооцоход 200 орчим сая ам.долларын орлого орно.
- Ямар нэгэн давагдашгүй хүчин зүйлээс хамаарч хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа сунавал яах вэ?
- 658 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг 14 жилийн хугацаанд нөхнө гэж тооцоод Улаанбаатар хот 34 хувьд ногдох ногдол ашгаа авна гэж тохиролцож байгаа.
Сонгон шалгаруулалтын үеэр Цагдаагийн ерөнхий газар, шүүхийн байгууллагаас албан ёсны лавлагаа авахад шүүх дээр “Митайм Интернэшнл” ХХК асуудалтай гэсэн зүйл ирээгүй. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцогчоос хуулийн байгууллагын албан ёсны лавлагаа авдаг. Хэвлэлээр шүүхийн маргаантай гэдэг зөрүүтэй мэдээлэл явчихсан.
25 жилийн хугацаанд тогтвортой, нэг Кв.цаг эрчим хүчийг 8.8 центээр нийлүүлнэ. Энэ үнэ хөдлөхгүй. Дулааны тавдугаар цахилгаан станцыг ТЭЦ-2-ын өмнөх үнсэн савны байршилд барина.
Төслийн 2021 онд хийгдсэн ТЭЗҮ-ийг энэ оны гуравдугаар сард тодотгож төмөр замаар хангах, дулааны тооцоо, үнсийг байрлуулах технологи, цахилгааны дэд станц, агаарын шугам хоолой зэргийг шинэчилсэн. Энэхүү шинэчилсэн ТЭЗҮ-ээр 658.5 сая ам.долларын төсөвтэй байгаа. Сонгон шалгаруулалтыг дуусган гэрээг баталснаас хойш 30 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
2025-2026 оны өвлийн улиралд Улаанбаатар хотод эх үүсвэрийн хэмжээнд цахилгааны ямар нэгэн хязгаарлалт хийгдэх эсэх талаар Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалайтай үргэлжлүүлэн ярилцав.
- Нийслэлчүүд энэ өвлийг хэр давахаар байгаа вэ?
- Цахилгаан, дулаан түгээх сүлжээ нь Эрчим хүчний яаманд харьяалагддаг. Нийслэлийн зүгээс бусад ажлуудтай уялдуулах байдлаар ажилладаг. Гэхдээ зайлшгүй зарим байрлалд засвар хийсэн. Тухайлбал Баянзүрх дүүрэгт байрладаг дэд станцуудыг өргөтгөхөөр ажилласан.
Өвлийн оргил цагийн үед эрчим хүч хүрэхгүй үед тус хоёр үйлдвэрийн цахилгааныг түр зогсоож байсан. Зарим тохиолдолд энэ арга хэмжээ аваад ч тог тасарч байлаа. Энэ бол шившигтэй үйлдэл.
Харин Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг 2024 оны аравдугаар сард ашиглалтад оруулж, төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбосон юм.
Энэ үеэр нийслэлийн зүгээс яаралтай хөрөнгө оруулалт хийж, “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг байгуулж, 2024 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн.
Энэ жил Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийн барилга угсралтын ажил арванхоёрдугаар сарын 5-нд дуусахаар эх үүсвэрийн хэмжээнд хангалттай хүрнэ
- Цахилгааны дэд станцуудын өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа вэ?
- Улаанбаатар хотод өнгөрсөн жил зарим газарт цахилгааны хязгаарлалт хийсэн нь эрчим хүчний дутагдлаас болоогүй. Тог дамжуулж буй төвийн системийн хуучирсан дэд станцууд гэмтсэнээс шалтгаалж хэсэг тасарсан. Энэ гэмтлийг тав хоногийн дотор засаж сэлбэж байсан.
Энэ жил Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийн барилга угсралтын ажил арванхоёрдугаар сарын 5-нд дуусахаар эх үүсвэрийн хэмжээнд хангалттай хүрнэ. Гэхдээ станц байлаа гээд дамжуулж байгаа шугам, удирдаж буй тоноглол, хүчдэл хувиргадаг дэд станцуудын насжилт хэтэрсэн учраас шинэчлэх хэрэгтэй.
Төвийн системийн дамжуулах шугамыг шинэчлэхэд 10 гаруй тэрбум ам.доллар шаардлагатай. Хуучин тоног төхөөрөмж амархан эвдэрч шатдаг, хөрөнгө оруулалт маш хэрэгтэй байгаа. Нийслэлийн зүгээс анхаарч байгаа боловч төсвийн хөрөнгө хүрэхгүй байна. Эрчим хүчний яам санал оруулдаг боловч Сангийн яам эрчим хүчний реформ дээр мөнгө тавьдаггүй гэдэг.
Гэхдээ дулаан цахилгаан дээр төсвийн мөнгөөр хөрөнгө оруулна гэвэл хүрэхгүй. Зөв эдийн засагтай болохын тулд дулаан, цахилгааны үнийг нэмэх хэрэгтэй. Зөв хөгжсөн улс оронд цахилгаан, дулаан, хог гэсэн суурь дэд бүтцийн хэрэглэгч төлж буй мөнгө нь салбарын бүтээн байгуулалтын зардлыг бүрдүүлж байдаг. Айл бүр дулааны тоолууртай болох хэрэгтэй байна. Тиймээс ДЦС-5 маш ач холбогдолтой төсөл билээ.
600 орчим тэрбум төгрөгийг эрчим хүчний салбарт оруулсны үр дүнд Улаанбаатар хот нийт 300 МВт эрчим хүчний шинэ чадал үйлдвэрлэж, ирэх өвлийг амжилттай давах гэж байна
Өнгөрсөн хоёр жил хүрэхгүй хугацаанд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурал шийдвэр гаргаж, 600 орчим тэрбум төгрөгийг эрчим хүчний салбарт оруулсны үр дүнд Улаанбаатар хот нийт 300 МВ/т эрчим хүчний шинэ чадал үйлдвэрлэж, ирэх өвлийг амжилттай давах гэж байна.
Бөөрөлжүүтийн станц арваннэгдүгээр сарын 5-нд улсын комисст хүлээлгэж өгнө. Эрчим хүчний яам бодлого тодорхойлдог бол тодорхойлсон шиг тодорхойлох хэрэгтэй. Чадахгүй байгаа асуудлаа хотод өгөх ёстой.
- Ярилцсанд баярлалаа.
Үргэлжлүүлэн нийслэлийн зүгээс дулаан, цахилгааны салбарт ямар шинэ төсөл хэрэгжүүлж буй талаар мэдээлэл өгье.
Өнгөрсөн өвөл Монгол Улс эрчим хүчний системийн хэмжээнд 1,500-1,600 МВт ачаалалтай өвөлжсөн. Улаанбаатар хот дунджаар 1,245 МВт ачаалалтай буюу улсын эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг билээ.
Суурилагдсан чадлаас илүү гарсан хэрэглээг хангахын тулд ОХУ-аас жилдээ 150 сая ам.долларын импортын эрчим хүч авч хэрэглэдэг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!