Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ДЦС 2-ын хашаанд ДЦС-5-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерт Камбож улсын “Митайм интернэйшнл” компани шалгараад буй.
Ажлын явцын талаар нийслэлийн Засаг даргын орлогчийн мэдээлснээр тавдугаар цахилгаан станцыг барихад нийслэлээс 20 хувийн хөрөнгө оруулалтыг гаргах бөгөөд 200 тэрбум төгрөгийн бонд гаргаж, санхүүжүүлэх бол 80 хувийн хөрөнгө оруулалтыг сонгон шалгаруулалтад шалгарсан компани гаргахаар гэрээ байгуулжээ.
Өнөөдрийн байдлаар тендерт шалгарсан компани станцын үндсэн хийцлэлүүд болох зуух, турбин-генераторыг авахаар захиалга өгчээ. Ажлын зургийг боловсруулах ажил 40%-ийн гүйцэтгэлтэй, талбайн бэлтгэл ажил хуваарийн дагуу үргэлжилж байгаа гэнэ.
Дулааны станцыг барих төсөвт өртөг 658 сая ам.доллар байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний нийт хугацаа 27.5 жил. ДЦС-5 нь 25 жилийн дараа 100 хувь улсын өмчид шилжих аж.
Харин станцын барилгын ажлыг гүйцэтгэх хугацаа нь гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 30 сар буюу 2.5 жил барих нөхцөлтэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!