Ж.Лхагвадорж: ДЦС-5 төслийн трасст 26 нэгж талбар өртсөнөөс 20-ийг чөлөөлсөн бол зургаатай нь тохиролцож байна

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барихаар нийслэлээс 3 жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нэг бүр нь нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200 мянган ширхэг бондыг олон нийтэд арилжиж эхлээд буй.

Уг төслийн явцын талаар нийслэлийн Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-ын Төслийн удирдлага нэвтрүүлэлтийн хэлтсийн дарга Ж.Лхагвадорж "Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн ТЭЗҮ бүрэн дууссан. Станцыг барих трасст 26 нэгж талбар өртсөнөөс 20 нь газраа чөлөөлсөн бол зургаан нэгж талбартай тохиролцож байна. 

Станцыг дулааны хоёрдугаар станцын газар дээр барих юм. Ингэснээр дулааны үндсэн шугамын эх үүсвэрт холбогдоход ойрхон буюу 500 метрийн зайтай учраас тус байршлыг сонгосон.

Гүйцэтгэгчээр сонгогдсон компани нь Монгол Улсад усан болон дулааны цахилгаан станц барьсан туршлагатай юм билээ. Станцын барилга угсралтын ажлыг энэ жил эхлүүлж 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Дулааны тавдугаар цахилгаан станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал дулааныг төвийн системд нийлүүлэх бөгөөд 51,000 янданг буулгах боломжтой юм" хэмээн танилцуулав.

Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ДЦС 2-ын хашаанд ДЦС-5-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерт Камбож улсын “Митайм интернэйшнл” компани шалгараад буй. Станцыг барих төсөвт өртөг 658.6 сая ам.доллар бөгөөд нийслэлээс хариуцах 20%-ийн санхүүжилтийг ₮200 тэрбумыг бонд гаргаж, төлөхөөр болсон билээ.