Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг 2026 онд эхлүүлэхээр болоод буй. Тус станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 26 га талбайд барих бөгөөд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай байна.
НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр байгаль орчны нөлөөллийг бууруулах зорилгоор Дулааны тавдугаар цахилгаан станцад хэд хэдэн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал станцаас гарах үнс, шаарыг үнсэн санд хадгалж, нягтаршуулан зохистой менежмент хийх бөгөөд ТЭЗҮ-д тусгаснаар жилд дунджаар 300,000 тонн үнс, шаар үүсэх тооцоолол гарчээ. Үүнийг цемент, бетон, замын хавтан, замын дүүргэгч зэрэг барилгын материал үйлдвэрлэлд хоёрдогч түүхий эд хэлбэрээр ашиглах боломжтойг судалгаагаар тогтоосон байна.
Хорт утаа, хийн ялгарлыг бууруулах зорилгоор утаа шүүх, хүхэргүйжүүлэх системийг суурилуулж, шохойн чулуу ашиглан хүхрийн хэмжээг бууруулах технологийг нэвтрүүлж, жилд 18,615 тонн шохойн чулуу ашиглахаар тооцоолжээ. Ингэснээр агаар мандалд хаягдах хүхэрлэг хий, азотын ислийн хэмжээ буурах гэнэ.
Мөн хаягдал усыг цэвэршүүлж, дахин ашиглахаар ТЭЗҮ-д тусгажээ.
Станц баригдсанаар цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувийг төвийн сүлжээнд нийлүүлж, нийслэлийн баруун бүс буюу 40 мянган айл бүхий Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллыг дулаанаар, 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг найдвартай эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!