ДЦС-5 төслийг хэрэгжүүлэх тендерийн сүүлийн шалгаруулалтад “Митайм Интернэшнл” ХХК 75 оноогоор шалгарчээ. Тус компанитай гэрээний хэлцлийг нэг сарын хугацаанд хийх юм байна. Үүний дараагаар НИТХ-аар гэрээний хэлцлийг баталгаажуулах аж.
Ингэснээр “Митайм Интернэшнл” ХХК Улаанбаатар хотын баруун хэсгийн 40,000 айл өрхийг дулаанаар хангах 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ДЦС-5-ыг барихаар болжээ.
“Митайм Интернэшнл” ХХК нь Камбожийн Хаант Улсад бүртгэлтэй компани бөгөөд өөрсдийн хөрөнгөөр дулааны станцыг барьж, төрд шилжүүлэх нөхцөлтэй байна.
Энэ тухай Улаанбаатар хотын төр хувийн түншлэл ХХК-ийн захирал З.Батырбек "Улаанбаатар хотод дулааны тавдугаар станцыг барих асуудал 1985 оноос яригдаж эхэлсэн байдаг. 41 жилийн дараа уг станцыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барихаар болж байна.
Дулааны тавдугаар станцыг барих төсөвт өртөг 658.6 сая ам.доллар, 24 сарын хугацаанд барилгыг барина. Станцын барилгыг барьж дууссаны дараа зургаан сарын хугацаанд туршилт хийх бөгөөд нийтдээ 30 сарын дараа улсын комисст хүлээлгэж өгөх юм.
Эдийн засгийг тэлэх эх үүсвэр нь цахилгаан, дулаан" гэж мэдээллээ.
Тус компани нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 30МВт-ын Тосон дулааны станц болон Сэлэнгэ аймгийн нутагт станц барьсан туршлагатайг тодотголоо.
ДЦС-4, ДЦС-2-ын голд байрлах үнсэн сангийн 20 га газар дээр шинэ станцыг барьснаар хуучин цахилгаан станцуудын төмөр замыг түшиглэн нүүрсээ тээвэрлэж, үйлдвэрлэл явуулах боломжтой гэж үзжээ.
Хоёр станцын үнсний талбайг чөлөөлж, хогийн цэгүүд рүү тээвэрлэхээр төлөвлөжээ. Тус газрын трасст 26 иргэн, ААН-ийн газар өртсөнөөс ес нь үлдсэн байна.
Өнөөдрийн байдлаар 500 орчим ААН дулааны техникийн нөхцөлийг авах хүсэлтээ өгсөн ч дулааны эх үүсвэргүйгээс хангах боломжгүй байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!