Уншиж байна ...

Орон сууцны оршин суугчид өвлийг өнтэй давж чадах уу хотын дарга аа?!

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ААН-үүдийн дулаан хангамжийг өнгөрсөн сараас өгч эхэлсэн ч халаалт муугаас өдөртөө -5, шөнөдөө -15 хэмийн хүйтэнд нийслэлийн ихэнх дүүргийн орон сууцны оршин суугчид даарч, зутруухан буйг хэлж байна. 

Энэ талаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 70005454 дугаараас лавлахад "УБДС компаниас дулаан хангамжийн зарцуулалтыг өнөөдрөөс нэмнэ гэж мэдэгдсэн, хот даяараа халаалт муу байна" гэсэн тайлбарыг өгч байгаа юм.

Хотын дарга "ТЭЦ-3-ын турбины зуух бүтэн шатаагүй учраас технологийн горимын хувьд өөрчлөлт оруулаад энэ өвлийг давна" гэж өнгөрсөн зургаадугаар сард, "Өвөлжилтийн бэлтгэл ажил 94%-д хүрсэн" хэмээн хотын дарга энэ сарын 15-нд мэдээлсэн ч бодит байдал дээр нийцэхгүй байна.

Цаг уурын байгууллагаас энэ өвөл өмнөх жилүүдээс хүйтэн байх төлөв гараад буй энэ үед ус, цахилгаан, дулаанаар байнгын тасралтгүй, найдвартай хангах арга хэмжээг яаралтай авахгүй бол намрын адаг сард зутарч суугаа иргэд идэр есийн өвлийн хүйтнийг дулаан давна гэдэгт итгэхгүй байна Х.Нямбаатар дарга аа. Жил бүрийн тавдугаар сард халаалт зогсохтой зэрэгцэн орон сууцны айл өрхийн халуун усыг 7-14 хоног тасалж дулааны шугамын засвар, шинэчлэлтийг хийдэг ч үр дүн нь хаана байна вэ?. Иргэдээс дулаан хангамжийн төлбөрөө бүтнээр нь авч байгаа мөртөө халаалтаа хагас өгдөг нь ямар учиртай вэ.

Нийслэлийн Статистикийн Газраас тодруулснаар 2025 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар Улаанбаатар хотод 475,117 өрхийн 1,677,872 иргэн байнгын оршин суудгаас орон сууцанд 273,807 өрхийн 976,368 иргэн буюу нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдардаг гэхээр эдгээр тооны иргэн гэртээ даарч сууна гэхэд хилсдэхгүй. Гэрт, гадаагүй даарснаас өвчлөл үүсэж иргэдэд эдийн засгийн дарамт, эмнэлэгт ачаалал нэмэгдэж болзошгүйг анхаарна уу.