Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар эрчим хүч, дулаан хангамжийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийслэлийн томоохон төслүүдийн талаас илүү хувийг төр хувийн хэвшлийн түншлээр явуулж байгаа. Тэгэхээр төсөв дээр тодотгол хийх шаардлагагүй. Төр хувийн хэвшлийн түншлэлээр хийж болох төслүүдээ явуулна. Долдугаар сард ТЭЦ-5 төслийн тендер нээгдэнэ.
ТЭЦ-5 бол бидний амин чухал дулааны болон цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэрийг шийдэх хамгийн том төсөл. Тус төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр явахаар тендер зарлачихсан бөгөөд одоогоор дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагын материал хүлээн авсан.
Бурхны авралаар өнгөрсөн жил хот хэдэн төгрөг босгоод эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Үүний хүчинд арванхоёрдугаар сарын 5-нд эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 350 мегаватт болж байгаа. Би өнгөрсөн амралтын өдөр Бөөрөлжүүтийн цахилгаан станц дээр очиж ажилласан. Янз бүрийн осол гэмтэл гарахгүй бол энэ өвөл эрчим хүч тал дээр дутагдалгүй орно.
Дулаан хамгийн хүнд байгаа. Эрчим хүчний сайдтай уулзахад ТЭЦ-3-ын есдүгээр турбины зуух бүтэн шатаагүй байгаа учраас технологийн горимын хувьд өөрчлөлт оруулаад шууд халуун ус гүйлгэж энэ өвлийг давна. Араас нь турбин генератораа захиалаад явъя гэсэн. 1,500 тонн халуун усыг эргэлдүүлье гэдэг байдалтай яриад явж байна" гэв.
Үргэлжлүүлэн Акуа гарден хорооллын эрчим хүчний зөвшөөрлийг өгсөн талаар "Тус хорооллын урд талын хоёр блокийг буулгах засаг даргын захирамж хүчинтэй байгаа. Захиргааны хэргийн шүүхээс түдгэлзүүлсэн шийдвэр ирчихсэн. Шүүхийн шийдвэрийг шүүхээс асуух хэрэгтэй.
Улаанбаатар хотод цахилгааны нэг ч зөвшөөрөл байхгүй. Эрчим хүчний яаманд байдаг. Урд талын хоёр блок дээр гэрчилгээ гарахгүй. Би чинь хотын дарга. Бусад салбарын яамны юмыг надаас асуумааргүй байна. Сайдынх нь өмнөөс би зөвшөөрөл өгөхгүй" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!