Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

"ДЦС-5-ыг 30 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулна. Төсөл хэрэгжүүлэгч түншлэлтэй наймдугаар сарын дунд үед гэрээгээ байгуулна" гэв

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын баримт бичгийг танилцуулах, сонирхсон иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх, ил тод, ойлголцлын нэгдсэн суурь бүрдүүлэх зорилго бүхий хэлэлцүүлэг өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. 

ДЦС-5 баригдсанаар Монгол Улсын цахилгаан хангамжийн эх үүсвэрийг 300 МВт-аар нэмэгдүүлэх аж. Үүнээс гадна дулаан хангамж, уур үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Таван шар, Толгойт, Баянхошуу, Баянголын ам орчмын гэр хорооллын 51,000 айлыг дулаанаар хангахаар тооцжээ. Уур үйлдвэрлэснээр хүнсний үйлдвэрүүд, боловсруулах үйлдвэрүүдийн бүтээмж нэмэгдэх юм. 

Тавдугаар дулааны цахилгаан станц ТЭЦ-2-ын өмнөх үнсэн савын байршилд барих юм байна. Төслийн 2021 онд хийгдсэн ТЭЗҮ-ийг энэ оны гуравдугаар сард тодотгож төмөр замаар хангах, дулааны тооцоо, үнсийг байрлуулах технологи, цахилгааны дэд станц, агаарын шугам хоолой зэргийг шинэчилсэн бөгөөд 2025 оны төсөв 658.5 сая ам.доллар байгаа аж.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Станцын 80%-ийг хувийн хэвшил, 20%-ийн санхүүжилтийг нийслэлийн төсвөөр барихаар болсон байна. Мөн жилд 2.2 тэрбум Кв.цаг эрчим хүч үйлдвэрлэнэ. Эрчим хүчний зохицуулах хорооноос нүүрсээр ажиллах шинэ станцуудын тарифыг 8.2-8.9 центээр баталж байгаа. Энэ хүрээнд жилд 7,500 цаг ажиллахаар тооцоход 200 орчим сая ам.долларын орлого орно. Эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа учраас төр, хувийн хэвшлийн түншлэлтэй байж төсөл хэрэгжинэ хэмээн үзсэн аж. 

Нэг Гкал/ц дулаанаар ойролцоогоор есөн давхар 92 айлын орон сууцыг халаах нормтой байдаг. Тавдугаар дулааны цахилгаан станцын үйлдвэрлэх 340 Гкал/цаг дулаанаар 51,000 айлын янданг бууруулж, Улаанбаатар хотын баруун хэсгийг дулаанаар хангах тооцоололтой.

Өнөөдрийн хурлын үеэр Нийслэлийн хууль тогтоомж, гэрээ эрх зүйн газрын дарга М.Үнэнбат хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзаж дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн байх ёстой гэсэн шаардлага бий. Өмнө нь адил төрлийн төсөл хэрэгжүүлсэн туршлагыг харна гэдэг нь тухайн төслийг амжилттай хэрэгжүүлэх гол үндэслэл. 

Бидний хамгийн гол зорилго бол 300 МВт-ын станц байгуулах. Аливаа нэг улсын аж ахуйн нэгжид ажил олж өгөх нь зорилго биш. ТЭЗҮ-д гарснаар 30 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Зургаадугаар сарын 25-нд эхний урьдчилсан сонгон шалгаруулалтын материалаа хүлээж аваад богино жагсаалтаа үүсгэж, сонгон шалгаруулалтдаа орно. Бидний тооцоолж буйгаар төсөл хэрэгжүүлэгч түншлэлтэй наймдугаар сарын дундуур юм уу есдүгээр сарын эхэн үед гэрээгээ байгуулна" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн "Улаанбаатар түншлэл төв"-ийн захирал З.Батырбек "ДЦС-5-ын төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр зарлаж буй хамгийн анхны төсөл болж байна. Төсөвт санхүүгийн дарамт учруулахгүйгээр шийдэх боломж бололцоотой. Дулааны цахилгаан станц-5 төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулалт болно.

Ингэхдээ сонгон шалгаруулалтыг урьдчилсан болон уралдаант шалгаруулалт гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулна. Сонирхсон хувийн хэвшлийн түншлэгч нь хүрэн нүүрсээр галладаг дулааны цахилгаан станцыг сүүлийн 5 жилийн хугацаанд доод тал нь нэг удаа барьсан туршлагатай байх бөгөөд Төр, хувийн түншлэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх ёстой" гэв.