2028 онд ашиглалтад орох Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын гүйцэтгэл 16 хувьд хүрчээ
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ДЦС-2-ын 26.4 га талбай бүхий Үнсэн сангийн газарт барьж буй “Дулааны тавдугаар цахилгаан станц”-ын бүтээн байгуулалтын ажил энэ оны тавдугаар сарын 4-ний өдөр эхлээд буй.
Нийслэлийн Нэгдсэн Төслийн Удирдлагын Газраас мэдээлснээр станцын бүтээн байгуулалтын ажил сүүлийн гурван сарын хугацаанд эрчимжиж, нийт барилга угсралтын гүйцэтгэл 16 хувьд хүрчээ.
Одоогийн байдлаар станцын барилгын нэг, хоёрдугаар зуух, турбины суурь, яндангийн суурь, уут филтерийн суурийн угсралтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд талбай дээр гүйцэтгэгч компанийн 300 гаруй инженер, мэргэжилтэн ажиллаж байгаа аж.
Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Монгол Улсын Зөвлөх инженер, төслийн ахлах инженер Л.Баасан “Төслийн талбайд 65 жил хуримтлагдсан 1 сая орчим тонн куб.метр үнсийг зөөж, тээвэрлэх ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар 300 мянган куб.метрийг зөөсөн бөгөөд 30 гаруй хувьтай байна. Энэ оны 11 дүгээр сар гэхэд 0 тэмдэгтээс дооших бүх тоноглолуудын сууриудыг бүрэн цутгасан байх шаардлагатай. Тиймээс бид нүүрс зөөвөрлөх ажлаа хэсэгчлэн ухаад, заримыг нь өөрийнхөө талбайд өөр газар шилжүүлж, эдгээр суурийн ажлуудаа хийж байна. Энэхүү сууриудыг 30 см орчим үлдээгээд газартай нь бүрэн цутгаж дуусгах төлөвлөгөөтэй байгаа.
Үнс зөөж дуусгах ажлыг өвлийн улиралд үргэлжлүүлэн хийнэ. Учир нь зуны улиралд замын хөдөлгөөн ихтэй учраас зөвхөн шөнө зөөвөрлөсөн. Өдөрт ойролцоогоор 1-110 удаагийн рэйс хийгдэж байна. Энэ оны 12 дугаар сар гэхэд бүх тоноглолоо татаж авах ажлуудаа хийж, ирэх оны хавраас тоноглолуудаа угсрах, барилга угсралтын ажлууд үргэлжилнэ. Үндсэн тоноглолын үйлдвэрлэлийн ажлууд 30 гаруй хувьтай явагдаж байгаа. Тоноглолуудыг ирсэн даруйд угсрах шаардлагатай. Мөн БНХАУ-д захиалсан зуухны хувьд буцламтгай үет шатлалттай, сүүлийн үеийн зуухыг захиалсан” гэв.
Станцын хүчин чадлын тухай Монгол Улсын зөвлөх инженер, төслийн техникийн зөвлөх Б.Цэвээн “Манай улсын 2025, 2026 оны өвлийн оргил ачааллын үеийн хэрэглээ нь 1,803 МВт. Энэ нь өндөр хөгжилтэй, том орны хувьд бол нэг станцын л авах хүчин чадал юм. Дулааны тавдугаар цахилгаан станц нь 300 мегаваттын хүчин чадалтай, энэ нь манай улсын хувьд хамгийн боломжийн хүчин чадал. Дунджаар нэг айлын цагт хэрэглэх хэмжээ 3 киловатт орчим гэж бодоход 100 мянган айл өрхийг дулаанаар хангана гэсэн үг. Мэдээж үүн дээр төв суурин газар баригдаж байгаа болохоор дулааны асуудал маш чухал.
Тавдугаар цахилгаан станц нь дулаан үйлдвэрлэнэ, үйлдвэрлэсэн дулаанаараа жилд 40 мянган айл өрхийг дулаанаар хангах юм. Жилдээ хэвийн ажилласан үед 2.2 тэрбум киловатт цахилгаан эрчим хүч, 1.1 сая Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай.
Манай төслийн хувьд 20 хувь нь нийслэлийн хөрөнгөөр, 80 хувь нь хувийн хэвшил буюу ерөнхий гүйцэтгэгч “Митайм” интернэйшнл компани гаргаж байгаа. Тэгэхээр хэн хэндээ шаардлага тавиад, хариуцлагажуулаад явж байгаа нь Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих давуу тал гэж харж байна” хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!









