Ирэх онд нийслэл дахин ₮300 тэрбумын бонд гаргаж ДЦС-5 болон трамвай төслийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ

Д.Янжиндулам, ikon.mn
30 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хурлаар Улаанбаатар хот 2027 онд дотоодын үнэт цаас гаргаж, шаардлагатай томоохон төслүүдийг санхүүжүүлэх тухай асуудлыг онцлон хэлэлцэв.

Өрийн удирдлагын тухай хууль болон холбогдох бодлогын баримт бичгийн хүрээнд нийслэл 2027 онд нийт 300 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаас гаргаж, санхүүжилт босгохоор төлөвлөжээ.

НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрахын танилцуулснаар дулааны V цахилгаан станц болон Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар тусгажээ.

Тодруулбал дулааны V цахилгаан станцын төсөлд нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд үүнийг үнэт цаас гаргах замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн бол Улаанбаатар трамвай төсөлд 50 тэрбум төгрөгийг мөн энэ эх үүсвэрээр бүрдүүлэхээр тооцоолсон байна.

Дулааны V цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа сайжирч, 100 мянга орчим айл өрхийг цахилгаан, 40 мянган айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдэхээс гадна агаарын бохирдлыг бууруулах, барилгын үе шатанд 1,600 орчим ажлын байр, ашиглалтад орсны дараа 300 гаруй байнгын ажлын байр бий болох тооцоо гарчээ.

Харин Улаанбаатар трамвай төслийн хүрээнд нийтийн тээврийн хүртээмж, хүчин чадлыг нэмэгдүүлж, зорчих хугацааг 90-100 минутаас 29-37 минут болгон бууруулах, жилд 35-73 мянган тонн нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулах зэрэг нийгэм, байгаль орчинд эерэг үр нөлөө үзүүлэхээр тооцоолж, уг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн DBFOT загвараар хэрэгжүүлэх, барилга угсралтыг 3 жилд, ашиглалтыг 27 жилийн хугацаанд явуулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр төрийн зээлийн дарамтыг нэмэгдүүлэхгүйгээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, менежментийг ашиглах боломж бүрдэнэ гэж үзжээ.

Нийслэлийн өрийн удирдлагын хүрээнд өмнө гаргасан гадаад үнэт цаасны эргэн төлөлтийг үе шаттайгаар зохицуулах, 2027 онд төлөх дүнгийн тодорхой хэсгийг хойшлуулах саналыг холбогдох яаманд хүргүүлсэн талаар танилцуулгад дурдлаа. Санхүүжилтийг ирэх долоо хоногийн Даваа гарагт товлогдсон НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр болов.

Өнгөрсөн гуравдугаар сард Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг санхүүжүүлэхээр 3 жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, ₮200 тэрбумын буюу нэг бүр нь нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200,000 ширхэг нийслэлийн дотоод бондыг олон нийтэд нээлттэй арилжиж эхлээд байгаа билээ.