Уншиж байна ...

Энэ онд трамвай төсөлд 350 тэрбум төгрөг зарцуулахыг НИТХ-ын зарим төлөөлөгч эсэргүүцлээ

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 21 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн 2026 оны төсөвт 1 их наяд гаруй төгрөгийн тодотгол хийх тогтоолын төслийг нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай НИТХ-ын өнөөдрийн хуралдаанд танилцуулав.

Түүний танилцуулснаар энэ оны төсвөөс хоёр төсөл, арга хэмжээний нийт 5.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хасахаар болжээ.

Тодруулбал Гэр хорооллын дахин төлөвлөлтийн "Г" хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн ажил (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо) 0.5 тэрбум төгрөг, Гандантэгчилэн хийдийн зүүн өргөн чөлөөний тохижилт ногоон байгууламжид зарцуулах 4.8 тэрбум төгрөгийг тус тус хасахаар төсөлд тусгасан байна.

Харин дараах төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

  • 2025 оны жилийн эцэст санхүүжилт нь олгогдож чадаагүй 9 төсөл, арга хэмжээний санхүүжилт 2.4 тэрбум төгрөг
  • Хот байгуулалтын цахим систем, тоног төхөөрөмжийн ажил 0.5 тэрбум
  • Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд шаардлагатай тоног төхөөрөмж, систем хангамжийн ажил 0.1 тэрбум
  • Агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хотын шинэ дэд төвийн нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолборын барилга /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг/ ажлын үлдэгдэл санхүүжилт 7.3 тэрбум төгрөг
  • Солонго-1 орон сууцны хорооллын авто замаас үерийн хамгаалалтын суваг хүртэлх авто замын гэрэлтүүлэг, дулаан, цэвэр бохир усны шугамын барилгын ажил (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо) - 1.3 тэрбум төгрөг
  • Авто худалдааны цогцолбор дулаан хангамжийн гол шугам 93 дугаар цэгээс 99 дүгээр цэгийн хооронд шугам дээшлүүлэх ажил (Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг) - 0.6 тэрбум төгрөг
  • "Улаанбаатар Трам” төслийн 2 дугаар шугам буюу Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа цогцолбор чиглэл төсөл, арга хэмжээний төсөвт өртөг 1,207.1 тэрбум төгрөг, 2026 онд санхүүжих дүн 350 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэх шийдэлд хүрсэн байна.

НИТХ-ын зарим төлөөлөгч төсвийн тодотголд трамвай төсөлд 350 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгасныг шүүмжлэв.

Энэ тухай төлөөлөгч Т.Батцогт: Хоёр сарын өмнө нийслэлийн 2026 оны төсвийг баталсан. Гэтэл хоёрхон сарын дотор 1 их наяд төгрөгийн өөрчлөлттэй төсөв орж ирж байна. Төсөв батлагдах үед орлогоо тооцоолж, хийгдэх ажлуудаа эрэмбэлэх саналыг тухайн үед хөндөж байсан. 20 минутын хот төслөөс хэчнээн төгрөгийн орлого орох, орон сууцнуудын метр квадратын үнэ хэд байх, хэзээ зарагдах тухай тооцооллыг хоёр сарын өмнө тооцоолоогүй хэрнээ 430 тэрбум төгрөгийн орлого олно гэж өнөөдөр яагаад оруулж ирж байна вэ. Энэ бол бага мөнгө биш. Дотоодын зээл 200 тэрбум, нийт 800 гаруй тэрбум төгрөгийн орлого орно гэж тооцоолж, оруулж ирсэн байна.

Улаанбаатар трам төсөл чимээгүй байж байснаа 350 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ гэж байна. 2026 онд 350 тэрбум төгрөгөөр төсөлд юу хийх вэ. Метроны төсөл шиг зураг, төсөлтэйгөө зууралдсаар өнгөрөх вий гэж анхааруулъя. Яармагаас Сүхбаатарын талбай хүртэлх трамвайны шугамд 350 тэрбум төгрөгийг зарцуулах хэмжээний ажил хийгдэх үү.

ТЭЦ5-д 200 тэрбум төгрөгийг нийслэлээс хариуцаж санхүүжүүлэх юм байна. Том том төслүүдийн зураг, төсөл хийгдэж байна гэж хугацаа авдаг. Метро төслийг хоёр жил ярилаа. Туулын хурдны зам төсөлд маш их мөнгө зарцуулахаар тусгасан. Хуульд зааснаар төсвийн орлого хүрэхгүй, тасарсан тохиолдолд төсөвт тодотгол хийдэг, гэтэл COP17 хурлыг зохион байгуулах 70 тэрбум төгрөг яриад байх юм.

Төлөөлөгч Б.Золтуяа: 4.3 их наяд төгрөгийн төсвийг сар хагасын өмнө баталчхаад одоо 6.5 их наяд төгрөгийн төсөв болгосон байна. Ард иргэдийн амьдралд нөлөөлөхүйц орлогын төсөөлөл оруулж ирсэн байна. Торгууль зэрэг татварын бус орлогыг өндрөөр төсөөлж, үр дүнг нь хэзээ үзэхийг мэдэхгүй том мега төслүүдийг санхүүжүүлэх гэж байгаа нь татвар төлөгчдөд дарамт болно. Жишээ нь трам төсөл. Хоёр их наяд төгрөгөөр Яармагаас хотын төв хүртэл явах уг төслийн ТЭЗҮ-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ гэж ойлгож байсан. Төслийн удирдагчид өндөр дүнтэй төсөл гэдгийг ч хэлж байлаа. Одоо уг төсөлд 350 тэрбум төгрөг өгөх гээд сууж байна. Энэ мөнгөөр 15 сургууль шинээр нээж чадна Ану-Үжин. Энэ хүүхдийн улс төрийн амьдралыг үгүй хийчих вий дээ. Хүннү хот Багахангай, Налайх, Багануур дүүргийг хөгжүүлэхэд зарцуулж болно.

Төлөөлөгч О.Зундуйдорж: 2024 онд МАН нийслэлийн болон орон нутгийн сонгуульд оролцохдоо Улаанбаатар хотыг үлгэрийн мэт болгоно, 9 дүүргийг 14 хоттой болно, 20 минутын хүрээнд олон төслийг хэрэгжүүлнэ гэж ярьсан. 

Гэвч хамгийн их түгжрэлтэй хэсэг нь Яармаг болсон. Яармаг, Буянт-Ухаа нь хэзээ хот болох вэ.

Хан-Уул дүүрэгт зундаа ус тасардаг, жилийн дөрвөн улиралд зэвтэй устай ч санхүү төсөв тавигддаггүй. ТЭЗҮ гэж жил бүр асар их мөнгө тусгадаг ч хяналт байдаггүй. Иргэд хүнд цаг үеийг туулж байгаа шүү. Төсвийг эрэмбэлэх шаардлагатай.

Улаанбаатарт метро бус цахилгаан станц, ус, дэд бүтэц нэн түрүүнд хэрэгтэйг анхаармаар байна. 

УИХ-аар авлига албан тушаал, хууль бусаар хөрөнгөжсөн хууль батлагдвал нийслэлд ажиллаж байгаа олон хурган дарга ачигдахад бэлэн болно.

Төлөөлөгч Ч.Батзориг: Трамвай төсөлд 350 тэрбум төгрөгийг төсөвлөх нь их байна. Энэ мөнгөнөөс эрчим хүч, дулаан хангамжид зарцуулах хэрэгтэй. Төсвийг тодотгох нь хөрөнгийн тогтворгүй байдлыг үүсгэдэг муу талтай. Ямар төсөлд хөрөнгө зарцуулахыг эрэмбэлэх хэрэгтэй байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай "Трамвай төслийн 350 тэрбум төгрөгийн 30%-ийг урьдчилгаа төлбөрт зарцуулна. Дотоодын ААН-үүд урьдчилгаа төлбөр авч байж ажлаа явуулна гэдгээ илэрхийлж байсан. Төслийн ажлыг энэ жил эхлүүлж, хоёр жилийн дотор дуусгана. Метро, тойрог зам 1 төслийг хэрэгжүүлнэ" хэмээв.


НИТХ-ын 2025 оны 25/145 дугаартай “Нийслэлийн дотоод үнэт цаас гаргахыг дэмжих тухай” тогтоол зэрэг холбогдох хууль тогтоомжийн дагуу 200 тэрбум төгрөгийг 2026 онд багтаан арилжаалан, тус эх үүсвэрийг Дулааны цахилгаан станц 5 төслийн нийслэлийн хариуцах хөрөнгөнд зарцуулахаар төсвийн тодотголд тусгажээ.

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг 2026 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн НИТХ-аар хэлэлцэхээр боллоо.