Уншиж байна ...

М.Үнэнбат: СОР17 хуралд нийслэлээс ₮70 тэрбумыг зарцуулна. Түр байгууламжуудыг Францын компаниас түрээслэхээр болсон

Д.Янжиндулам, ikon.mn
29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал (СОР17)-ыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар болж, олон улсад албан ёсоор зарласан.

Тус хурлыг зохион байгуулах байр, байгууламж, холбогдох инженерийн шийдэл бүхий үйлчилгээг түрээсийн хэлбэрээр ашиглах зардал, бусад холбогдон гарах урсгал зардалд 70.1 тэрбум төгрөгийг зарцуулахаар тогтоолын төсөлд тусгахаар тооцжээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 10 дугаар ээлжит бус хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт дээрх тодотголыг оруулах тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хотын ерөнхий менежер Г.Батзоригийн мэдээлснээр СОР17-ыг зохион байгуулах 12 ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ногоон бүсийн тохижилт, хоол, үйлчилгээний ажлыг нийслэл хариуцаж байгаа аж.

Өнгөрсөн онд 2026 оны төсвийг батлахдаа барилга байгууламжийг барихаар төсөвлөсөн ч мөнгөгүйн улмаас түрээслэхээр болжээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 15 орчим асар барина. Үүнээс ногоон бүсэд 4 байгууламжийг барихаар төлөвлөжээ. Хэлэлцэж буй асуудлаар албаныхан төлөөлөгчдийн асуултад доорх байдлаар хариулт өгөв.

НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбаатар: СОР17 хурлыг зохион байгуулах барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн байсан. Ажлын хэсгээс хурлыг зохион байгуулах барилга байгууламжийг түрээсийн хэлбэрээр шийдвэрлэхээр болсны дагуу нийслэлийн төсөвт хөрөнгийг тусгаж байна.

СОР17 хурлын хөх бүсийн 12 блок байрт 25.9 тэрбум төгрөг

Байр байгууламжийн агааржуулалтын системийн түрээст 8.9 тэрбум төгрөг

Гадна сүүдрэвч, хаалт, хулдаасан болон металл фасадад 3 тэрбум төгрөг

Зохион байгуулалтын үйлчилгээний зардалд 13.5 тэрбум төгрөг

Хоол, үйлчилгээ, хүнсний хангамжийн зардалд 17.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсвийн тодотголд тусгасан.

Хотын ерөнхий менежер Г.Батзориг: СОР17 хурлын ногоон болон улаан бүсэд барилга байгууламжийг түрээслэх сонгон шалгаруулалтыг төсвийн тодотголыг баталсны дараа нийтэд зарлана.

Хурлын ногоон бүсэд 100 гаруй павильоныг түрээсэлж, буцааж мөнгө олох, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх ажлыг нийслэлээс хариуцаж байна.

Туршлагатай ААН-үүдийг сонгон шалгаруулна.

НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрхзүйн газрын дарга М.Үнэнбат: Ажлын хэсгээс СОР17 хурлын ногоон бүсэд байгууламжийг түрээслэх нь үр ашигтай гэж үзэн сонгон шалгаруулалт зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтад СОР-ын 7-8 удаагийн хурлыг зохион байгуулсан туршлагатай Франц улсын G Elevent компани шалгарсан. Өнөөдрийн байдлаар хоёр тал гэрээний нөхцөлийг боловсруулж байна. Гэрээний төслийг гуравдугаар сарын 2-ноос өмнө дуусгана.

Францын компаниас түрээсийн байгууламжуудыг зургаадугаар сарын 16-нд гэхэд хүлээлгэж өгөх санал тавьсан байгаа. Энэ нь түр байгууламжууд.

Төсвийн тухай хуулийн 34.2.2-т заасны дагуу тухайн төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэх, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон, төсөл арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах шаардлага гарсан тохиолдолд төсөвт тодотгол хийх эрх үүсдэг тул төсвийг тодотгохоор НИТХ-ын хуралдаанд хэлэлцүүлж байна. Хэрэв тогтоолын төсөл батлагдаж, СОР17 хурлын зардалд 70.1 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргасан тохиолдолд улсын төсвөөс хэрхэн нөхөж өгөхийг Сангийн Яам хариуцна.

НИТХ-ын ээлжит бус хуралдаан нийслэлийн 2026 оны төсвийг тодотгох асуудлаар үргэлжилж байна.