Уншиж байна ...
Зураг
Зураг

Гадаад, дотоодын 6,000 орчим төлөөлөгч оролцох COP17 дугаар бага хурлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 47 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын COP17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны гуравдугаар улиралд зохион байгуулахаар болоод буй.

Бага хурал нь 10-12 өдөр үргэлжлэх бөгөөд дээд түвшний арга хэмжээнд 500, сайд нарын түвшний уулзалтад 300, нэгдсэн хуралдаануудад гадаад, дотоодын 6,000 орчим төлөөлөгч оролцох юм байна.

Талуудын бага хурлыг Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах нь тохиромжтой гэж сонгосон болохыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин танилцуулсан юм. Хурал руу нэвтрэх боломж, оролцогчдын аюулгүй байдал, зочид буудал, тээвэрлэлт зэрэг үзүүлэлтээр уг байршлыг сонгосон байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн 38,000 м.кв талбайд COP17 дугаар бага хурлын үйл ажиллагаа явагдах аж.

Ингэхдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, орц, гарц, дэд бүтэцтэй болгох юм байна.

зураг
 

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга Ё.Нямжав "COP17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын төсвөөр цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг цистернээр явж усалдаг байдлыг болиулж автоматжуулсан усалгааны системтэй болгох, камерын хяналтын нэгдсэн сүлжээнд холбох зэрэг алсдаа үлдэх өгөөжтэй ажлыг хийхийг зорьж байна" гэв.

Өнгөрсөн онд COP16 дугаар бага хурал Саудын Арабын Хаант улсад болжээ. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын бага хурал хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг байна.