Ц.Төрхүү: Улаанбаатарын иргэд 2050 он хүртэл ундны усны хомсдолд орохооргүй болж байна
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын буцалтгүй тусламжаар баригдсан Улаанбаатар хотын усан хангамжийн Баруун эх үүсвэрийг төвлөрсөн сүлжээнд холбож, ус нийлүүлж эхэлжээ.
Энэ тухай Ус Сувгийн Удирдах Газрын дарга Ц.Төрхүү "АНУ-ын Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламж буюу АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөөр баригдсан Улаанбаатар хотын усан хангамжийн Баруун эх үүсвэрээс төвлөрсөн системд ус нийлүүлж эхэллээ. Нийслэлд төдийгүй Монгол Улсын хэмжээнд хамгийн том баруун эх үүсвэр нь төвлөрсөн системд холбогдсоноор нийслэлчүүдийн хоногт хэрэглэх ус нэмэгдэж, 2028 он гэхэд усны хомсдолд орохооргүй болж 2050-2055 он хүртэл сунгагдлаа.
2050-2055 он хүртэл гүний усыг ашиглах ч гадаргын усыг Улаанбаатарчуудад нийлүүлэхээр ажиллаж байна. Ингэхийн тулд Туул усан сан цогцолборыг барихаар ТЭЗҮ-ийг боловсруулан НЗДТГ болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд хүлээлгэж өгсөн. Өөрөөр хэлбэл 2050 онд гадаргын усны хэрэглээнд шилжих инженер, дэд бүтцийн шийдлүүдийг гаргаж байгаа.
Нийслэлчүүд хоногт дунджаар 190-210 мянган шоо метр усыг ундандаа хэрэглэдэг. Шинэ эх үүсвэр ашиглалтад орсноор хоногт 350-360 мянган шоо метр усыг нийлүүлэх инженерийн шийдэл бүрдлээ" гэж мэдээллээ.
Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 2-ны өглөө Баруун эх үүсвэрээс ус дамжуулах ф700-1000мм голчтой 9 км шугамыг Улаанбаатар хотын ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд холбож, 14 мянган шоо метр усыг өдөрт нийлүүлж эхэлсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
