Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх АНУ-ын МСС-аас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Ус хангамжийн Баруун эх үүсвэрийг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах юм байна.
Энэ тухай Төслийн захирал Б.Батсүх "Улаанбаатар хотын баруун талд байх ус хангамжийн хамгийн том эх үүсвэр Биокомбинатын 16, Шувуун фабрикийн 14 гүний худгаас усаа авч цэвэршүүлэн нийслэлийн иргэдийг ундны усаар хангах үйлдвэрийг барьж байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот долоон эх үүсвэрээс ундны усаа авдаг. Үүнээс хамгийн их хүчин чадалтай нь төвийн эх үүсвэр бөгөөд жилд 34 сая метр куб ус нийлүүлдэг бол одоо баригдаж байгаа ундны усны Баруун эх үүсвэр нь 50 сая метр куб ундны ус нийлүүлэх хүчин чадалтай. Хотын баруун талд баригдах шинэ суурьшлыг бүсийг ч усаар хангах үйлдвэр юм. Энэхүү үйлдвэр нь гүний худгийн ёроолд нэвчсэн бохирдолтой усыг нарийн технологиор цэвэршүүлж ундны ус болгох онцлогтой.
Одоогийн байдлаар шугам хоолой, худгийн бүтээн байгуулалтын гүйцэтгэл 70%-д хүрсэн, 2025 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр ашиглалтад оруулна.
Ус хангамжийн Баруун эх үүсвэрийн гүний худаг, шугам хоолойг Израил улсын компани, үйлдвэр барих, цус цэвэршүүлэх тоног төхөөрөмжийн угсралтыг Турк улсын компани гүйцэтгэж байгаа юм. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулах ажил 96%-д хүрсэн бөгөөд долдугаар сарын 5-нд Улсын комисс ажиллуулна.
Турк улсын компани нь Биокомбинатын талбай дахь худгийн цуглуулах болон дамжуулах шугамууд, үйлдвэр, 22-ын товчооны зам дагуу шугам, хоолойг төвийн шугамд холбох ажлыг гүйцэтгэж байгаа юм.
Харин ус дамжуулах шугам хоолойг дөрвөн метрийн гүнд суурилуулж байгаа.
Уг бүтээн байгуулалтад Туркийн 300, Монголын 170 орчим ажилтан ажилладаг.
Үйлдвэрийг ашиглалтад орсны дараа УСУГ үйл ажиллагааг хариуцах тул ажилтнуудыг сургалтад хамруулж байна" гэж танилцууллаа.
Шинэ үйлдвэр нь хоногт 30,000 метр куб усыг цэвэршүүлж, нийлүүлэх хүчин чадалтай байна. Хүннү хотыг тус үйлдвэрээс цэвэр усаар хангах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
|