Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ

Н.Эрхбаяр, iKon.mn
16 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Насантогтох нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн нэгжлэгээр Б.Насантогтохын орон байранд 10,600 ам.доллар, 11,600 юань, 300,000 вон, 3,440 евро, 7,030,000 төгрөгийн шатахууны эрхийн бичиг, мөн хадам дүү Ч.А-ийн орон байранд хадгалсан 70,000 ам.доллар илэрчээ.

Үндэслэлгүй хөрөнгөжих:

  • Мөн нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр буюу 337,444,746 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийг үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн,
  • Эрчим хүчний яамны газрын даргаар ажиллах хугацаандаа үйлчилгээний талбай худалдан авахаар өөрийн баз Г.Б-ын нэрээр нийт 438,700,000 төгрөгийг шилжүүлсэн.
  • Нийт 650,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгч хөрөнгө орлого нь 1,088,700,000 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,
  • Нэр бүхий тээврийн хэрэгслийг бусдын нэр дээр бүртгүүлж хөрөнгө орлого нь 251,782,998 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна.
  • Түүнчлэн хадам дүүгээрээ дамжуулан валют арилжиж хөрөнгө орлого нь 592,327,000 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,
  • Үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний төлбөрт бэлнээр шилжүүлж, хөрөнгө орлого нь 80,214,500 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байжээ.
  • Орон сууц захиалгын гэрээний төлбөрт удаа дараагийн үйлдлээр мөнгө шилжүүлж хөрөнгө орлого нь 535,561,250 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,
  • Автомашин худалдан авах гэрээний төлбөрт нийт 183,640,000 төгрөгийг шилжүүлсэн.

Нийт 3,069,670,494 төгрөгийг хууль ёсоор олсон болохоо тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутай болохыг шүүх тогтоосон байна.

Мөнгө угаах: 

  • Үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг буюу 1,088,700,000 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үйлчилгээний талбай, захиалгын гэрээ байгуулж төлөлтийг гүйцэтгэн мөнгө угаасан,
  • Үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг буюу 251,782,998 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрийн худалдан авч буй машины төлбөрт шилжүүлж бусдын нэрээр өмчлөгчөөр бүртгүүлж мөнгө угаажээ.
  • Хахууль өгөгчөөс бэлнээр авсан 102,812,100 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор авто зогсоолыг өөрийн төрсөн хүүгийн нэрээр худалдан авч мөнгө угаасан,
  • Үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг нуун далдлах зорилгоор 908,800,000 төгрөгийн үнийн дүнтэй үл хөдлөх хөрөнгийг иргэн Ч.А-ийн нэрээр захиалсан. 
  • 80,214,500 төгрөгөөр үйлчилгээний талбай худалдан авч мөнгө угаасан,
  • 535,561,250 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор төрсөн хүүгийн өмчлөлд орон сууц худалдан авч мөнгө угаасан,
  • 183,640,000 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор тээврийн хэрэгсэл худалдан авсан. 

Мөнгө угаасан буюу “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих”, “Хахууль авах” гэмт хэргийн улмаас олсон нийт 2,835,037,848 төгрөгийг буюу их хэмжээний хөрөнгө, орлогыг эзэмшиж ашиглан, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг байнга, тогтвортойгоор нуун далдалсан болох хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна гэж шүүх дүгнэсэн байна.

Мөн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн захирлаас гурван өрөө орон сууцыг шилжүүлэн авсан, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас нийт 202,812,100 төгрөгийн хахууль авсан гэм буруутайд тооцжээ.

Б.Насантогтох нарын таван хүн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт сайн дураар гаргасныг шүүх хүлээн авч хэлэлцсэн байна.

Түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 1,933,254,850 төгрөг, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгөө хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр эзэмшиж байсан Лексус загварын 251,782,998 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл, мөрдөгчийн нэгжлэгээр хураан авсан 337,444,746 төгрөгийг тус тус улсын орлогод хураан авчээ. 

Улмаар яллагдагч Б.Насантогтохыг нийтийн албанд ажиллах эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг таван жил хорих ялын хамт ногдуулжээ. Шүүгдэгч Ч.А, Г.Б, Д.Г, Ц.О нарт зорчих эрхийг хязгаарлах, нийтийн албанд ажиллах эрхийг хасах, торгох ялаар тус тус шийтгэсэн байна.

 

Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар