Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгдэв
Прокурорын байгууллагаас “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэгдсэн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчлийн гаралтыг судалжээ.
Тодруулбал энэ оны аравдугаар сарын 30-ны байдлаар нийт 7.8 сая зөрчил бүртгэгдсэн нь өмнө оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна.
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” 7,861,373 зөрчилд шийтгэл оногдуулснаас шүүх 25,415 зөрчилд нь, эрх бүхий албан тушаалтан 7,835,958 зөрчилд нь шийтгэл оногдуулсан байна.
Зонхилон үйлдсэн зөрчлийг авч үзвэл:
- 2,514,888 буюу 30 хувь нь замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгсэл байрлан явах журам зөрчсөн.
- 1,501,205 буюу 19.1 хувь нь дугаарын хязгаарлалт тогтоосон өдөр замын хөдөлгөөнд оролцсон.
- 1,069,921 буюу 13.6 хувь нь хөдөлгөөн эхлэх, хөдөлгөөний чиг өөрчлөх, эсхүл эгнээ байр эзлэх журам зөрчсөн зөрчил тус тус эзэлж байгаа нь хамгийн их байсныг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
