Бичил болон ЖДБ-ийг дэмжихээр ХААН Банк 210 сая ам.долларын санхүүжилт татлаа
ХААН Банк Дэлхийн банк группийн гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК)-аас баталсан 300 сая ам.долларын санхүүжилтийн багцын хүрээнд 210 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүллээ. Энэхүү санхүүжилт нь бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчид, тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчид, залуу бизнес эрхлэгчид, орон нутаг болон хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн урт хугацааны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зориулалттай юм.
Тус санхүүжилтийн 130 сая ам.долларыг ОУСК өөрийн эх үүсвэрээс, 70 сая ам.долларыг Абу Дабигийн арилжааны банк (Abu Dhabi Commercial Bank, ADCB) болон Дубайн арилжааны банк (Commercial Bank of Dubai, CBD) олгосон бол нэмэлтээр 10 сая ам.долларыг ОУСК-ийн валютын эрсдэлийг удирдах своп хэлцлээс гаргажээ. Олон улсын арилжааны 2 банкны хувьд ОУСК-ийн синдикат зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад олгож буй анхны зээлийн санхүүжилт гэдгээрээ онцлог үйл явдал болж байна.
Түүнчлэн ОУСК нь Монголын арилжааны банканд анх удаагаа төгрөгийн санхүүжилт олгож байгаагаараа онцлог бөгөөд валют хоорондын своп хэлцлийн боломжийг давхар бүрдүүлснээр ХААН Банк гадаад эх үүсвэрээс үүдэх валютын ханшийн эрсдэлээ удирдаж, төгрөгөөр олгох урт хугацаат зээлийн санхүүжилтээ өргөжүүлэх боломжтой болж байна.
ХААН Банк энэхүү санхүүжилтийн эх үүсвэрийг бүхэлд нь бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд, ялангуяа эзэмшигч нь эмэгтэй, мөн залуу бизнес эрхлэгчид, орон нутгийн болон хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарах юм. Ингэхдээ орон даяар хамгийн өргөн салбар нэгжийн сүлжээгээрээ дамжуулан бизнес эрхлэгчдэд энэхүү санхүүжилтийг хүртээмжтэй хүргэж, ажлын байр бий болгох, орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжихэд хувь нэмэр оруулахаар зорьж байна.
ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа: “Бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчид Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, төрөлжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. ХААН Банк өнгөрсөн 35 жилийн хугацаанд улс орон даяар бизнес эрхлэгчдийг тууштай дэмжиж ирсэн бөгөөд энэхүү туршлагадаа тулгуурлан олон улсын түнш байгууллагуудаас урт хугацааны санхүүжилт татан төвлөрүүлж, бизнесийн хэрэгцээнд нийцсэн санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэдний өсөлт, хөгжлийг дэмжихийг зорьж байна. ОУСК-тай бид олон жил тууштай хамтран ажиллаж ирсэн. 210 сая ам.долларын энэ удаагийн санхүүжилт нь хамтын түншлэлийг шинэ шатанд гаргасан бас нэгэн чухал ололт, амжилт болж байна. Бид энэхүү түншлэлээр дамжуулан Монголын бизнес эрхлэгчдийн өсөж хөгжих, шинэлэг санаа, шийдлийг хэрэгжүүлэх боломжийг өргөжүүлж, хүртээмжтэй, аливаа сорилтыг даван туулах чадвартай, олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулахаар зорьж ажиллах болно” хэмээн онцоллоо.
Дэлхийн банк группийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Виктория Делмон: “Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь ажлын байр бий болгох, эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд ОУСК-аас ХААН Банканд олгож буй санхүүжилт нь олон улсын шинэ зээлдүүлэгчдийг Монголын зах зээлд татан оролцуулж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын өнцөг булан бүрд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилготой. Мөн ОУСК нь ХААН Банкны хөдөө аж ахуйн салбарын санхүүжилтийн үйл ажиллагааны хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
ХААН Банк ОУСК-тай 22 жилийн турш тууштай өргөн хүрээнд хамтран ажиллаж, энэ хугацаанд хоёр байгууллага бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэх, тогтвортой санхүүжилтийг хөгжүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт, зөвлөх үйлчилгээний олон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж ирсэн билээ.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
