Чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-д эрэгтэйчүүд IX, эмэгтэйчүүд VII байр эзэллээ
Казахстаны Астана хотноо чөлөөт, сонгомол бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болж өндөрлөлөө.
Энэ удаагийн ДАШТ-д эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Төмөр-Очирын Тулга, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Хүрэлхүүгийн Болортуяа, 76 кг-ын жинд Энх-Амарын Даваанасан нар хүрэл медаль хүртэв.
Түүнчлэн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Батхуягийн Мөнх-Эрдэнэ, 79 кг-ын жинд Олонбаярын Сүлдхүү нар медалийн төлөө өрсөлдсөн бол эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Батхуягийн Хулан, 65 кг-ын жинд Түвшинжаргалын Энхжин, 68 кг-ын жинд Энхсайханы Дэлгэрмаа нар шагналт V байр эзэллээ.
Ингэснээр эмэгтэйчүүд багийн дүнгээр 74 оноогоор VII жагссан бол эрчүүд 35 оноогоор IX бичигдсэн юм.
Астанад зохиогдсон ДАШТ-д багийн дүнгээр АНУ-ын баг чөлөөт бөхийн төрөлд илт давуу тэргүүллээ. "Сэм Авгын" бөхчүүд эрэгтэй чөлөөт бөхийн 10 жингийн тавд нь түрүүлснээр 194 оноогоор манлайлсан бол эмэгтэйчүүд нь 1999 оноос хойш анх удаа багийн түнгээр тэргүүлэв. Тэр тусмаа 2013 оноос хойш багийн дүнгээр тэргүүлсэн япончуудыг ардаа оруулсан юм.
Сонгомолд иранчууд сүүлийн хоёр жил дараалан багийн дүнгээр тэргүүлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
