Оросын арми Украины тусламжийн төвийг бөмбөгдсөний улмаас 24 хүний амь үрэгдэв
Украины өмнөд бүсийн Запорожье мужид Оросын агаарын цохилтын улмаас дор хаяж 24 хүн амиа алдсан тухай иргэний хамгаалалтын албаныхан Даваа гарагт мэдээлжээ.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский хүмүүнлэгийн тусламж тарааж байсан Комишуваха тосгоны сургууль уг халдлагын бай болсон бөгөөд өөр таван хүн шархадсан тухай сошиал хуудсаараа мэдээлсэн байна.
Тэрбээр энэхүү халдлагыг "Оросын зүгээс үйлдсэн туйлын аймшигтай үйлдэл" гэж тодорхойлоод тус тосгон өдрийн турш 10 гаруй удаа халдлагад өртсөнийг дурджээ.
"Эхний агаарын цохилтын дараа дахин есөн удаа бөмбөгдөж, хүмүүсийн хоргодож байсан газрыг тусгайлан онилсон" гэж Зеленский бичсэн байна.
Орон нутгийн цэргийн захиргааны тэргүүн Михайло Семикин нийт 27 хүн сураггүй алга болсон, тэднийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг Телеграм сувгаараа мэдээлжээ.
Комишувахад үлдсэн оршин суугчид долоо хоног бүр тус сургуулиас хүмүүнлэгийн тусламж авдгийг Оросын тал мэдэж байсан тул үүнийг зориудаар онилсон цохилт гэж үзэж байгаагаа Зеленский илэрхийлсэн байна.
Энэхүү халдлага нь "Орос улс мөргөлдөөнийг намжаахыг ч, бодит шударга ёсыг тогтоохыг ч хүсэхгүй байгаагийн дахин нэг нотолгоо юм” гэж тэр бичжээ.
Өнгөрсөн долоо хоногт Олешки хотод хүмүүнлэгийн санаачилгын хүрээнд гал зогсоож, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж чадсан нь энх тайван тогтоох чиглэлд дараагийн алхмуудыг хийх боломжийг нээсэн юм.
Гэвч Оросын тал энэ жишгийг үргэлжлүүлэх хүсэлгүй байгааг энэ үйл явдал харуулсныг Зеленский мэдэгдээд олон улсын хамтын нийгэмлэгт "хүчтэй бөгөөд шийдэмгий" хариу арга хэмжээ авахыг уриалжээ.
Комишуваха нь Запорожье хотоос зүүн тийш 25 орчим километрийн зайд, фронтын шугамаас хэдэн арван километрийн зайд оршдог тосгон юм.
Запорожье муж сүүлийн хэдэн сарын турш Оросын агаарын хүчтэй цохилтуудад олон удаа өртөөд байгаа. Аравдугаар сарын дундуур Запорожье хотод болсон халдлагын улмаас дөрвөн хүүхдийг оролцуулаад нийт 23 хүн амиа алдсан юм.
Эдгээр халдлагуудад баллистик пуужин, нисгэгчгүй онгоц, залуурт бөмбөг ашиглаж байгаагаас залуурт бөмбөг гол үүрэг гүйцэтгэж байна. Оросын байлдааны онгоцнууд ийм бөмбөгийг өндрөөс, Украины агаарын довтолгооноос хамгаалах системд өртөхгүй байх аюулгүй зайнаас хаядаг бөгөөд тэдгээр нь хиймэл дагуулын залуурын тусламжтайгаар байндаа хүрдэг юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
