"Олон улсад хийсэн судалгаагаар сэтгүүлчдийн эсрэг хийсэн 10 гэмт хэргийн ердөө нэг нь л шүүхээр шийдэгддэг"
2013 оны арваннэгдүгээр сарын 2-нд Мали Улсад Францын хоёр сэтгүүлч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарч байв. Үүнээс улбаалан уг өдрийг сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр болгон тэмдэглэх болжээ.
Энэ жилийн хувьд дрон буюу агаарын довтолгооноос болж сэтгүүлчид амиа алдах явдал их бүртгэгдсэнтэй холбоотойгоор "Threats Evolve. Impunity Endures" буюу “Заналхийллийн хэлбэр өөрчлөгдсөөр, ял шийтгэлгүй байдал үргэлжилсээр” уриан дор зохион байгуулж буй.
ЮНЕСКО -гийн тайланд дурдсанаар 2024-2025 онд ажил үүргээ гүйцэтгэж яваад 189 сэтгүүлч амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх үеийнхнээс 20 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд 2006 оноос хойш сэтгүүлчдийн амь насыг хөнөөсөн хэргийн 86 хувь нь одоог хүртэл шийдэгдээгүй эсвэл мөрдөн шалгах ажиллагаа нь орхигдсон байдаг аж.
Энэхүү өдөрт зориулсан олон талт уулзалтыг ЮНЕСКО -гийн дэмжлэгээр Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөөх үндэсний сүлжээнээс өнөөдөр Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн Төвд зохион байгууллаа.
Уулзалтын эхэнд ЮНЕСКО -гийн Монголын Үндэсний Комиссын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч С.Уянга "ЮНЕСКО -гийн хариуцдаг нэг салбар нь хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбар байдаг. Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох өдрийг 2013 онд Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын 68 дугаар чуулганаар 163 дугаар тогтоолоор баталсан түүхтэй.
Манай байгууллагаас сэтгүүлчид амь насаа алдсан хэрэгт дүн шинжилгээ хийдэг. Тодруулбал 2012 оноос хойш уг судалгааг жил бүр хийж байна. 2024-2025 онд 189 сэтгүүлч амь насаа алдсан тоо баримт бий. Үүнээс 67 хувь нь зөрчил мөргөлдөөнтэй бүс нутагт ажиллаж байгаад амь насаа алдсан байдаг. Тэр тусмаа амиа алдсан сэтгүүлчдийн тэн хагас нь агаарын довтолгоо буюу дроны довтолгоонд өртсөн юм.
Зөрчилтэй бүс нутгаас гадна эмэгтэй сэтгүүлчдэд жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөх, цахим орчинд дээрэлхэх, ямар нэгэн зорилготой аюул учруулж байгааг судалгаагаар онцолсон. 2012 оноос хойш 10 хэргийн ес нь замхраад алга болдог гэсэн үзүүлэлт бий. Тодруулбал сэтгүүлчдийн эсрэг 10 гэмт хэрэг шүүхэд очлоо гэхэд нэг нь л шийдэгддэг гэсэн үг.
2006 оноос 2025 оны хооронд 1,600 гаруй сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж байгаад амь үрэгдсэн байдаг. Үүнээс шүүхийн шатанд очсон долоон хэргийн зургаа нь шийдэгдээгүй байна" гэв.
Тэгвэл Монголын сэтгүүлчдийн нөхцөл байдлын талаар сүүлийн үед тогтмол судалгаа хийж буй "Глоб Интернэшнл Төв"-ийн гүйцэтгэх захирал Б.Онон "Манай байгууллагын хувьд 2021 оноос хойш жил бүр сэтгүүлчдийн дунд судалгаа хийж байна. Энэ жилийн хувьд 346 сэтгүүлчээс судалгаа авсан нь энэ салбарт ажиллаж байгаа нийт сэтгүүлчдийн 10 орчим хувь нь юм.
Энэ судалгааг 33 асуултын хүрээнд авдаг. Энэ судалгаанаас үзэхэд манай сэтгүүлчдэд тулгардаг гол бэрхшээл нь төрийн байгууллагууд мэдээлэл өгөхөөс үндэслэлгүйгээр татгалздаг. Хоёрдугаарт үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд саад учруулдаг.
Олон улсад бол Францад төвтэй "Хил хязгааргүй сурвалжлагчид" гэж байгууллагын гаргасан судалгаагаар манай улсад хэвлэлийн эрх чөлөөний индексээр өнгөрсөн онд 180 орноос 103-т, энэ жил 85-д жагссан" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
