Л.Шинэхүү: Шороон замаар нүүрс тээвэрлэснээр малын идэш тэжээл цул тоос, шороо болдог. Бэлчээрийн мал аж ахуй эрхлэх боломжгүй болж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Говь гурван сайхан, Тост, тосон бумын тусгай хамгаалалттай газарт шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресурс Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжин 144 дүгээр тогтоол гаргажээ.

Хилийн бүс, тусгай хамгаалалтай газарт зам засахдаа байгаль орчны үнэлгээгээ нуун дарагдуулж, говийн баянбүрдийг ширгээж, заг тооройн төглийг устгаж буй “Алтаргана хайрхан” компанийн үйл ажиллагааны талаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд СОР17 бага хурлын үеэр мэдээлэл өглөө.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Л.Шинэхүү "Манай суманд нүүрс ачилтын долоон тээврийн хэрэгсэл ирснийг зогсоосон байдалтай байгаа. Энэ нь Баянхонгор аймгийн Шинэжинст сум дахь Хотгорын уурхайгаас Гурван тэс сумын Шивээхүрэн боомт хүртэл 311 км хатуу хучилттай асфальтан, тусгай зориулалтын зам тавина гэсэн.

Зам тавьсны дараа нүүрс олборлож буй “Секэр Ресурсос Монголиа” компани тээврээ хийнэ гэж Тост, тосон бумын тусгай хамгаалалттай газартай гэрээ байгуулсан. Гэтэл энэ компани гэрээгээ зөрчиж, шороон далангаа босгочиход асфальтан замаа тавихгүйгээр нүүрсээ тээвэрлэхээр ачаад ирснийг нутгийн иргэд зогсоогоод долоо хонож байна. 

Тухайн аж ахуйн нэгж гэрээний үүргээ биелүүлээд асфальтан замаа тавьсны дараа нүүрс тээвэрлэлтээ явуулахыг манай сумын иргэд шаардаж байгаа.

Түүнээс биш зам тавиулахгүй, уул уурхайг дэмжихгүй гэсэн ёс бус шаардлага тавиагүй. 

Гурван тэс сум нийт долоон уурхайтай. Тэд бүгд асфальтан зам тавиад нүүрсээ тээвэрлэнэ гэдэг танилцуулдаг байсан. Гэвч явцын дунд хөрөнгө мөнгөгүй боллоо, хэдэн машин явуулаад мөнгөө авчхаад замаа тавина гэдэг боловч одоогийн байдлаар тавьсан замгүй 20 гаруй жил шороо бужигнуулаад явж байна. 

Шороогоор нүүрс тээвэрлэлт явуулснаар мал амьтны идэш тэжээл цул нүүрс, тоос болдог. Үүнээс болоод бэлчээрийн Мал Аж Ахуй (МАА) эрхлэх боломжгүй болж байна. 

Мөн нүүрс тээвэрлэх гэж буй зам Гурван тэс сумын төвөөс хоёр километрийн зайтай хажуугаар нь өнгөрдөг. Тоос шороо нь сумын төвийг бүрхэж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар нарт хүсэлт хүргүүлсэн боловч дорвитой хариу өгөөгүй. Одоо Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хүсэлт хүргүүлэхээр Улаанбаатарт хүрэлцэн ирлээ. 

Засгийн газрын 144 дүгээр тогтоол дээр “Секэр ресурс Монголиа” компанийн экспортын тээврийг шороон замаар явуул гэж хэлээгүй ч бэлэн болсон далан суурийн дагуу гэж байгаа. Одоогоор далан сууриа 60 хувьтай босгочихсон, хөрөнгө босгосны дараа асфальтан замаар тээвэрлэнэ гэсэн.

Урьд өмнөх гашуун туршлага байна. Хэрэв нүүрс тээвэр шороон замаар хөдлөөд эхэлбэл асфальт тавьсан түүх Монгол Улсад хэмжээнд байхгүй. Энэ бол иргэдийн тархи угаах хэлбэрийн асуудал. Компанийн зүгээс олох ёстой ашиг орлого тасалдуулсан хэмээн хоногийн 300 гаруй сая төгрөг нэхэмжлээд шүүхэд хандчихсан" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав