Г.Дамдинням: Гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх гараан дээр ирээд байна
13:10 2026/08/26
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар танилцууллаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөр, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт тусгасан Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт баригдах “Гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулах” төслийг эрчимжүүлэх Засгийн газрын 64, 28 дугаар тогтоолын хүрээнд Ерөнхий сайдын 56, 152 дугаар захирамжаар ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдсан түүхтэй.
Ажлын хэсэг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд ажлаа танилцуулсны дараа олон улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны санал авах урилгыг мөн сарын 10-наас тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй байршуулсан. Шведийн хаант улс, БНХАУ, БНСУ болон АНУ-ын ган үйлдвэрлэл, металлургийн салбарын тэргүүлэгч 30 компанид төслийн урилгаа хүргүүлснээс таван ААН-ээс үнийн санал ирүүлжээ. Тэгвэл урьдчилсан сонгон шалгаруулалтын үр дүнгээр хураангуй жагсаалтад орсон хоёр хөрөнгө оруулагчид энэ тухай мэдэгдэл хүргүүлж, саналыг үнэлэх Дэд ажлын хэсэг байгуулаад байгаа.
Сонгон шалгаруулалт аравдугаар сар гэхэд тодорхой болж, гэрээ хэлцэл хийх ажлын баг томилогдоно. Ингээд ондоо багтааж гэрээ хэлцлээ дуусгаад, гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх гараан дээр ирж байна.
Гангийн үйлдвэр нь хамгийн багадаа нэг сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт хэрэглээ 700 мянган тонн байдаг.
Шатахууны тухайд евро-2 стандартын бүтээгдэхүүнийг Роснефть компани энэ сард 50 мянган тонныг өгөх ёстой. Үүнийгээ өгчихсөн байгаа. Хямралтай нөхцөл байдлаас болоод хэрэглээ маань гүйцэгдэхгүй байна. Ердийн үед Улаанбаатар хотод 1,000-1,200 тонн хэрэглэгддэг бол сүүлийн 10 хоногт 1,500-1,700 тонныг нийлүүлж байна. Ингээд харьцангуй гайгүй болж байна. Сүүлийн дөрөв хоногт орон нутгийн ачилтуудыг нэмсэн.
Мөн өчигдөр манай яамнаас ажлын хэсэг БНХАУ-руу явж ажиллаж байна. Ажлын хэсгээс маань сайн мэдээ ирж байгаа. ОХУ-аас 75 мянган тонныг нийлүүлдгээс 50 мянган нь ирчихсэн. Үлдсэн 25 мянган тонныг БНХАУ, БНСУ, Сингапур болон бас бус улсаас нийлүүлж нөхөж байна.
ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс бусад газарт евро-2 төрлийн шатахуун үйлдвэрлэдэггүй. Евро-2 төрлийн шатахууныг манайх болон Киргизстан хоёр л авч хэрэглэдэг. Тиймээс бид евро-5 төрлийн шатахуун л олж ирж чадаж байгаа" гэв.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
