Улаанбаатар метро төсөлд зээлийн баталгаа гаргах шимтгэлийн жишиг тооцоололд уян хатан хандах боломжийн талаар ярилцжээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Их Британийн Экспортын санхүүжилтийн байгууллагын төлөөлөлтэй уулзав.
Уулзалтад Их Британийн Экспортын Санхүүжилтийн Байгууллагын Эх үүсвэрийн бодлого хариуцсан захирал Вомик Нур Шах, тус байгууллагын Бизнесийн эх үүсвэрийн бодлогын бүсийн захирал Крис Аллум нар оролцлоо.
Монгол Улсын дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжит төслүүдэд, тэр дундаа нийтийн тээврийн салбар болон Улаанбаатар метро төсөлд Их Британийн бараа, үйлчилгээг нийлүүлэх замаар хамтран ажиллахаар 2025 онд санамж бичиг байгуулсан. Улаанбаатар метро төсөлд зээлийн баталгаа гаргах асуудлын хүрээнд өнөөдрийн уулзалт зохион байгуулагдлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар хоттой идэвхтэй хамтын өрнүүлж ирсэнд Их Британийн Экспортын санхүүжилтийн байгууллагад талархал илэрхийлэв.
Тэрбээр “Улаанбаатар хотын мега төслүүдийн хамгийн том нь метро төсөл юм. Тус төслийн ажил төлөвлөсөн хугацааныхаа дагуу үргэлжилж байна. Метро төсөл нь нийслэлийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтойгоос гадна оршин суугчдын амьдралын хэв маяг, хотын соёлд том нөлөөтэй. Улаанбаатар хотын хүн ам 2035 он гэхэд хоёр саяд хүрэх төлөвтэй байна. Энэ тоо метро төслийг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгцээ байгааг харуулж буй” гэлээ.
Улаанбаатар метро төслийн бэлтгэл ажлын хүрээнд техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсвийн тооцоог шинэчилж, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, хүний нөөцийн бэлтгэл, иргэдийн оролцоог хангах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
