Английн багийг хожсоныхоо дараа Аргентины тоглогчид “Мальвиний арлууд Аргентиных” гэсэн бичигтэй далбаа харуулав

С.Мөнхцэцэг, ikon.mn
38 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн шөнө хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ шатанд дэлхийн аварга Аргентины шигшээ баг Английн шигшээ багийг 2:1 харьцаагаар буулгаж авсан билээ.

Ялалтын баяраа тэмдэглэхдээ аргентинчууд “Las Malvinas son Argentinas” гэсэн бичигтэй далбааг талбай дээр дэлгэсэн байна.

Энэ нь 1982 онд хоёр улсын хооронд болсон дайныг илэрхийлсэн утгатай үгс юм.

Атлантын далайд оршдог бүлэг арлыг Британи улс Фолклэндийн арлууд, Аргентин улс Мальвиний арлууд гэж нэрлэдэг. Хоёр улс эдгээр арлуудын төлөө 44 жилийн өмнө 74 өдөр дайтахад нийтдээ 900 гаруй хүний амь үрэгдсэний 694 нь Аргентины, 255 нь Британийн иргэд байсан юм.

Дайнд Британи ялж, арлуудыг хяналтдаа авсан ч газар нутгийн маргаан одоо ч үргэлжилдэг.

Аргентины тоглогчдоос Лисандро Мартинез, Жовани Ло Челсо нар уг далбааг дэлгээд хөгжөөн дэмжигчид рүү даллаж, уухайлж байсан юм. Далбааг хэн хаанаас талбайд нэвтрүүлсэн нь тодорхойгүй байна.

ДАШТ-ий үеэр улс төрийн агуулгатай үйлдэл өмнө нь гарч байсан.

Өнгөрсөн сард Лос-Анжелес хотод Ираны баг тоглоход иран гаралтай америкчууд Техраны дэглэмээс өмнө хэрэглэж байсан улсынхаа далбааг цэнгэлдэх хүрээлэнд мандуулж байв.

Өмнөх шатанд Швейцарын багийг хожиж, Англитай тоглох болсныхоо дараа Аргентины зарим тоглогчид “Мальвиний арлуудын төлөө, Диего Марадонагийн төлөө, Лео Мессигийн төлөө дахин нэг удаа” хэмээн хашхирч байлаа.

Аргентин, Английн шигшээ багуудын тоглолт спортын өрсөлдөөнөөс гадна улс төрийн өрсөлдөөн байсан юм.

Мягмар гарагт Аргентины дотоод хэргийн сайд Алехандро Монтеолива тоглолтын үеэр аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авах талаар АНУ-ын талтай тохиролцсоноо мэдээлж байв.

“Нийт 1,600 цагдаагийн албан хаагч тэнд ажиллах болно. Бид хожлын баярыг тайван замаар өнгөрүүлэхийг хүсэж байна. Улс төр, арьс өнгөний үзэл гэх мэт ямар ч өдөөн хатгасан элементүүдийг хориглох болно” гэж сайд Аргентины радиод ярьсан юм.

 

Эх сурвалж: The Guardian