Марадонагийн “бурхны гар”-аар хийсэн гоолын бөмбөг дуудлага худалдаанд $3.35 саяар зарагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Мексикт болсон 1986 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ шатанд Аргентины домог Диего Марадонагийн өрсөлдөгчдийнхөө хаалганд “Бурхны гар”-аар хийсэн гэгддэг гоолын бөмбөг АНУ-д зохион байгуулагдсан дуудлага худалдааны үеэр $3.35 саяар зарагджээ.

Зохион байгуулагч Далласт төвтэй Heritage Auctions байгууллага бөмбөгний үнийг $10 саяд хүрэх урьдчилсан тооцоо гаргасан ч үүнд хүрээгүй байна.

Харин анхны дуудсан үнэ болох $2.5 саяас давжээ.

Марадона 1986 оны зургаадугаар сарын 22-ны өдөр Мехико хотын Ацтека цэнгэлдэх хүрээлэнд болсон хагас шигшээ тоглолтод Английн багийг хожихдоо хоёр гоол оруулж байв.

Нэг гоолыг тэр Питер Шилтоны хаалганд мөргөж оруулахдаа гараараа хатгасан гэх маргаан дэгдэж байсан.

Харин хоёр дахь гоолоо тэр хувийнхаа гайхалтай ур чадвараар оруулсан нь “Зууны Гоол” хэмээн магтагддаг.

2020 онд 60 настайдаа таалал төгссөн Марадона маргаантай гоолыг оруулахад “Марадонагийн толгой бага зэрэг, бурхны гар бага зэрэг орсон” хэмээн тайлбарлаж байжээ.

Тоглолтыг шүүсэн Тунисийн шүүгч Али Бин Нассер бөмбөгийг гуч гаруй жил хадгалж, 2022 онд $2.37 саяар зарж байв.

Харин авсан хүн нь 2023 онд дуудлага худалдаанд оруулсан ч анхны үнээ давж чадаагүй юм.

1986 оны ДАШТ-ий шигшээ тоглолтод Аргентинчууд баруун Германы багийг 3:2 харьцаатай хожиж, хоёр дахь удаагаа дэлхийн аварга болж байжээ.

 

Эх сурвалж: AFP