2026 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналыг Канадын зохиолч Энн Карсон хүртэхээр боллоо
Хайр дурлал, хүсэл тэмүүлэл, цөхрөлийн тухай зохиолууддаа эртний үлгэр туульсыг орчин үеийн амьдралтай хослуулан бичдэг Канадын зохиолч Энн Карсон энэ оны утга зохиолын салбарын Нобелийн шагналыг хүртэхээр болжээ.
Шведийн Академи 76 настай түүнийг “сонгодог уламжлалыг хөгжилтэй харилцан яриа, түүхтэй хослуулах замаар орчин үеийн уран зохиолд шинэ хэв маягийг бий болгосон зоримог, бүтээлч чанараараа шалгарлаа” гэж үнэлсэн байна.
Карсон нь Грекийн сонгодог уран зохиолын орчуулгаараа алдаршсан хүн бөгөөд дуурь, жүжгийн зохиолуудаас эхлээд шүүмж хүртэл хамардаг түүний бүтээлүүдэд үүний нөлөө гүнзгий туссан байдаг.
Жишээлбэл түүний 2019 онд хэвлүүлсэн “Norma Jeane Baker of Troy” жүжгийн зохиолд Трой хотын Хелен болон Мэрилин Монро гэсэн өөр өөр цаг үеийн гоо бүсгүйчүүдийн түүхийг хослуулдаг юм.
Шведийн Академийн нарийн бичгийн дарга Ингрид Карлбэрг зохиолчтой товчхон утсаар ярьснаа хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна.
“Бидэнд ярих цаг их байсангүй. Тэр надад яг одоо Исландад байгаагаа, салхины чимээг чагнаж байгаагаа хэлсэн. Тэр шагнал авах болсноо сонсоод гайхсан ч маш их баярласан. Хоолойн өнгөнөөс нь би үүнийг мэдэрлээ” гэж тэр ярьжээ.
Карсон 2008 оноос хойш Исландад амьдарч, тус улсын иргэн болсон юм.
Канадын ерөнхий сайд Марк Карни зохиолч эмэгтэйд баяр хүргээд “Тэрбээр эртний түүхүүдийг шинэ үеийн уншигчдад хүргэж, уран зохиолын талаар бидний ойлголтыг өөрчилсөн хүн юм” гэж магтжээ. Мөн Карсон шагнуулахаар болсныг “Канадын хувьд гайхамшигтай амжилт, бахархалтай мөч” гэж дүгнэсэн байна.
1950 онд Торонто хотод төрж, тус хотын их сургуульд боловсрол эзэмшсэн Карсон нь Умард Америкийн хэд хэдэн их сургуульд, тухайлбал МакГилл, Мичиган, Нью-Йорк, Принстоны Их сургуулиудад багшилж байв.
Сонгодог урлаг судлалын профессор, эртний хэл, уран зохиол, антропологи, түүхийн мэдлэг туршлагатай түүнийг Нью Йорк Таймс сонин 2001 онд “шилдэг пастишуудын нэг” (pasticheur- өөр өөр хэв маяг, арга барилуудыг хослуулан бүтээх урлаг) хэмээн өргөмжилж байжээ.
Түүний өвөрмөц яруу найргийн бүтээлүүд 1990-ээд оны үед утга зохиолын хэд хэдэн чухал шагнал хүртэж байсны дотор 1996 онд авсан “Lannan Award”, 1997 онд авсан “Pushcart Prize” зэрэг багтдаг.
Шведийн Академи 120 жилийнхээ түүхэнд Лев Толстой, Жорж Луйс Борхес зэрэг аугаа зохиолчдыг үл тоомсорлож, 2016 онд дуучин, хөгжимчин Боб Диланыг шагнасан зэрэг шийдвэрүүдийнхээ улмаас байнга шүүмжлүүлдэг .
Гэхдээ тус академи ийм шүүмжлэгчдэд 1982 онд Колумбын Габриэль Гарсиа Маркес, 2007 онд Дорис Лессинг зэрэг алдартнуудыг шагнаж байсныг сануулахын зэрэгцээ олонд танигдаагүй хэлбэр, урсгалуудыг нийтэд таниулж, уншигчдын хүрээг тэлэхийг өөрийнхөө нэг үүрэг гэж тайлбарладаг юм.
Утга зохиолын Нобелийн шагналыг 1901 оноос хойш 122 хүн хүртсэний ердөө 19 нь эмэгтэй байжээ.
Өнөөдөр буюу Баасан гарагт энх тайвны шагналтан, Даваа гарагт эдийн засгийн салбарын шагналтныг зарласнаар энэ оны Нобелийн шагналын эздийг тодруулах ажиллагаа өндөрлөнө.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
