Зураг
Зураг

Adidas компани дөрвөн судалтай загварын асуудлаар Австралийн хувцас үйлдвэрлэгчийг шүүхэд өгчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Adidas компани Австралийн "White Fox" брэндийг дөрвөн судалтай загварын хувцас зарж, сурталчилсан хэргээр шүүхэд өгчээ.

Тэд уг загварыг Германы алдарт брэндийн өвөрмөц гурван судалт загвартай "төөрөгдүүлэм төстэй" гэж үзэж байна.

Спортын хувцасны томоохон үйлдвэрлэгч Adidas компани гуравдугаар сараас хойш White Fox-оос уг хувцасны худалдаа, сурталчилгаагаа зогсоохыг удаа дараа шаардсан боловч Сиднейд төвтэй тус компани татгалзсан хариу өгчээ.

"Fast-fashion" буюу хямд, загварлаг хувцсыг хурдан хугацаанд үйлдвэрлэн борлуулдаг энэхүү онлайн дэлгүүр нь Австрали, Их Британи, АНУ-ын өсвөр насныхан болон залуучуудын дунд нэр хүндтэй болсон бөгөөд брэндийнхээ танигдсан байдлыг нэмэгдүүлэхийн тулд сурталчилгааны самбар, автобусны зар сурталчилгаа, их сургуулийн насны нөлөөлөгчдийг (influencers) түлхүү ашигладаг байна.

Adidas болон White Fox-ыг төлөөлж буй Австралийн хуулийн фирмүүд хэргийн талаар тайлбар өгөхөөс татгалзсан бөгөөд шүүх хурал Баасан гарагт эхлэх товтой байна.

Холбооны шүүхэд гаргасан баримт бичигт Adidas компани өөрийн гурван судалтай загварыг Австралид (1957 оноос хойш худалдааны тэмдэгтээр бүртгэгдсэн) "асар их нэр хүнд, үнэ цэнтэй" болохыг дурджээ.

Тус компани White Fox-ыг энэ оны гуравдугаар сараас хойш ижил өргөнтэй дөрвөн зэрэгцээ судал бүхий хувцас зарж, сурталчилж байгаа нь Adidas-ын худалдааны тэмдгийг зөрчсөн үйлдэл гэж мэдэгдэж байна.

White Fox-ын загваруудыг Adidas-ын загвартай "зарчмын хувьд ижил, эсвэл төөрөгдүүлэм төстэй" гэж тус компани дүгнэжээ.

Мөн тэд White Fox-ын дөрвөн судалтай хувцас болон тус брэндийн оймсны сурталчилгаанд хүмүүс Adidas-ын "жинхэнэ" бүтээгдэхүүнийг өмссөн байдалтай гардгийг онцолсон байна.

Энэ нь Adidas-ыг White Fox-той холбоотой, эсвэл уг загварыг зөвшөөрсөн мэт сэтгэгдэл австраличуудад төрүүлж болзошгүйг баримт бичигт тайлбарлажээ.

Тус компани White Fox-ыг Adidas-ын нэр хүндийг "ашиглаж", хэрэглэгчдийн оюун санаанд хоёр брэндийн хооронд "холбоо үүсгэж", "хууль зөрчсөн эрсдэлтэй алхам хийж байна" гэж үзэж байна.

2025 онд 24.8 тэрбум еврогийн орлого олсон Adidas компани мөн хохирлын нөхөн төлбөр нэхэмжилж байгаа бөгөөд White Fox-ыг бүтээгдэхүүнээс олсон ашгийг хүү болон бусад зардлын хамт төлөх ёстой гэж мэдэгджээ.

Adidas шүүхэд гаргасан нэгэн жишээндээ 2025 оны зургаадугаар сард цахим худалдааны сайтад тавигдсан "White Fox" брэндийн оймсны зураг дээрх загвар өмсөгч ягаан өнгийн Adidas пүүз өмссөн байсныг онцолсон байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэдхэн хоногийн дараа тухайн пүүзэн дээрх Adidas-ын логоны судлуудын нэгийг дижитал аргаар арилгаж, долоо хоногийн дараа уг зургаас гурван судлыг бүхэлд нь арилгасан болохыг баримт бичигт дурджээ.

2013 онд Adidas компани Австрали улсын зах зээлд дөрвөн судалтай пүүз худалдсан "Pacific Brands" компанийг шүүхэд өгч, ялалт байгуулж байв.

"White Fox" брэндийг 2013 онд Жоржиа болон Даниел Контос нар үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь Грек гаралтай хос болон Даниелын ээж Мелина Масери нарын хувийн өмч юм. Тус компани АНУ-д үйл ажиллагаагаа өргөжүүлж буйгаас гадна 2024 онд Их Британийн зах зээлд нэвтэрчээ.

"Australian Financial Review” сэтгүүлийн мэдээлснээр, 2025 оны зургаадугаар сар хүртэлх 12 сарын хугацаанд тус компани 542 сая австрали долларын ($377 сая) орлого олсон нь 2022 оны $121 саяын үзүүлэлттэй харьцуулахад дөрөв дахин өссөн дүн болжээ.

 

Эх сурвалж: BBC