Индэр    
0 минутын өмнө
Зураг
Боловсрол судлаач

Докторын хамгаалалт: Эрдмийн шалгуур уу эсвэл ёс зүйн сорилт уу?

Зураг

Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл бол докторантыг бие даан судалгаа хийж, шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулж чадахуйц болсныг эцсийн байдлаар шалгаж, баталгаажуулдаг чухал зөвлөл юм.

Гэхдээ энэ бол зөвхөн эрдэм шинжилгээний хүрээний хүмүүсийн л асуудал биш. Яагаад гэвэл докторын зэрэгтэй хүмүүс нь биднийг чиглүүлэх багш, инновац бүтээх инженер, анагаахын нээлт хийх эмч, улс орны бодлого тодорхойлогч, соёлын өвийг хадгалагч, нийгмийн зүтгэлтэн гээд бидний "оюун санааны манлайлагчид" болох нийгмийн өндөр хүлээлтийн өмнө байдаг. Тиймээс ямар чанартай хүн доктор болж төгсөж байгаа нь бид бүгдэд нь хамаатай асуудал юм. Тэгвэл энэ чухал шалгуур, үнэлгээ бодит байдал дээр хэр шударга явагддаг вэ?

"Докторант Э диссертацаа хамгаалахаар зөвлөлийн хуралд ороход ямар ч ноцтой шүүмж, эргэлзээтэй асуулт гараагүй, харин ч ажлыг нь сайн гэж магтаж байв. Гэтэл шүүмж дуусаад нууц санал хураалт хийхэд Э-ийн диссертац тэнцээгүй гарчээ. Хуралд ямар ч шүүмжлэл сонсогдоогүй хэрнээ яагаад тэнцээгүйг зөвлөлийн бүх гишүүд ойлгож байсан: энэ нь горилогчийн ажлын чанартай огт хамаагүй, харин удирдагч багш нь зөвлөлийн эрх мэдэлтэй нэгэн гишүүнтэй хувийн зөрчилтэй байсных нь улмаас тэнцүүлээгүй хэрэг" гэв.
"Докторант Б-д хамгаалуулах зөвлөлийн эрх бүхий гишүүнээр удирдуулбал хурдан хамгаалдаг гэсэн яриа сонсогдож, судалгааны сэдэв нь тохирох эсэхийг үл харгалзан олон оюутан удирддаг нэгэн багшийг удирдагчаараа сонгосон. Гэтэл тэр багш сэдвийг нь сайн мэддэггүй тул зохих зөвлөгөө өгч чадахгүй, мөн оюутан олонтой тул ажлыг нь цагтаа хянаж амжихгүй байв. Эцэст нь докторант ганцаараа нухаад нэмэргүй, аргагүйн эрхэнд диссертац бичихэд туслах үйлчилгээнд нэмэлт мөнгө төлж, тусламж авч байж ажлаа дуусгасан" гэв.
"Докторант Н хамгаалахын өмнө заавал илтгэх ёстой урьдчилсан семинарт багш нараа урихын тулд өөрийн халаасны мөнгөөр зардал гаргахаас өөр аргагүй. Үүнээс гадна диссертацыг нь уншиж шүүмж бичдэг багшид, мөн хамгаалуулах зөвлөлийн гишүүдэд төлбөр өгөх шаардлагатай бөгөөд эцэст нь цай, хоолны зардал ч нэмэгддэг. Бүгдийг нь нэгтгэвэл 5–10 сая төгрөг болох учраас тэрээр хамгаалалтаа байнга хойшлуулсаар байна" гэв.
"Докторант Д-тэй нэг ангид сурдаг нэгэн докторант улс төрч хүн бөгөөд нөлөө бүхий хамгаалуулах зөвлөлийн гишүүнтэй танил холбоотой байсан тул сонгуулийн өмнөхөн хэнд ч мэдэгдэлгүй хурдхан хамгаалаад авсан" гэв.

Мэдээж бүх хамгаалалт ийм асуудалтай байдаггүй. Гэхдээ иймэрхүү ёс зүйн зөрчилтэй хамгаалалт олон гардаг гэдгийг салбарынхан байнга шүүмжилдэг ч, өнөөг хүртэл дорвитой өөрчлөлт хийгдээгүй байна. Сүүлийн 20 орчим жилд манай улсын докторын оюутны тоо, докторын хөтөлбөртэй их дээд сургуулийн тоо эрс нэмэгджээ. Хүн амд ногдох докторын тоогоор манай улс дэлхийд дээгүүр байр эзэлдэг. Гэвч Дэлхийн Инновацын Индексийг харвал, судлаачдын бүтээл, тэдгээрийн нийгэмд үзүүлэх нөлөөгөөр манай улс дэлхийд нэлээд хойгуур орж байна. (https://www.wipo.int/gii-ranking/en/mongolia)

Одоогоор нийтдээ 5,943 докторын оюутан суралцаж байгаа гэсэн статистик мэдээ байгаа боловч үүний бараг тэн хагас нь идэвхгүй төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, идэвхгүй гэдэг нь сурах хугацаа нь сунжирсан, эсвэл хичээлээ үзэж дуусаад, кредит цагийн төлбөр нэмж төлөөгүй, судалгааны хэсэг дээрээ дээрээ гацсан удааширсан олон оюутан байгаа гэсэн үг. Зарим томоохон их сургуульд энэ тоо докторантуудын 80 хувьд хүрдэг ажээ. 10-аас дээш жил суралцаж байгаа оюутан ч цөөнгүй байна.Тэгвэл яагаад ийм олон оюутан идэвхгүй байдалд орж, төгсөж чадахгүй байгаа вэ? Үүний шалтгаан олон бий. Тэдгээрийн нэг нь хамгаалуулах процессын шударга бус байдал.

Иймээс докторын хамгаалуулах явцад гарч буй асуудлыг бодитоор судлах хэрэгцээ гарч, судлаач миний бие багш, хамгаалуулах зөвлөлийн гишүүн, докторант, бодлого боловсруулагч зэрэг нийт 37 хүнтэй ярилцлага хийж, ямар асуудал байгааг тодрууллаа. Мөн тэдгээр хүмүүсээс ямар шийдэл байж болохыг асууж судлав. Энэ судалгаанаас гарсан хэд хэдэн сайн шийдлийг та бүхэнтэй үүгээр хуваалцъя.

Одоогоор манай улсад шинжлэх ухааны салбар тус бүрд нэг "Докторын хамгаалуулах зөвлөл" ажилладаг бөгөөд нийтдээ 39 ийм зөвлөл байна. Докторантууд их сургуульд суралцдаг ч, харин зэргээ их сургуулиас тусдаа, үндэсний хэмжээний энэ зөвлөл дээр хамгаалдаг. Энэ систем нь хуучин социализмын үеэс уламжилж ирсэн төвлөрсөн (ВАК гэдэг) хамгаалуулах систем юм. Уг судалгаагаар төвлөрсөн хамгаалуулах системд дараах зургаан төрлийн ёс зүйн зөрчил байгааг олж тогтоов.

Нэгдүгээрт, субъектив буюу ил тод бус шийдвэр гаргадаг асуудал байна. Өмнө дурдсанчлан, хамгаалуулах зөвлөлийн гишүүдийн хувийн ашиг сонирхол нөлөөлж, шударга бус шийдвэр гардаг тохиолдол цөөнгүй гардаг. Мөн чанаргүй диссертацыг тэнцүүлсэн ч, зөвлөлийн гишүүд ямар ч хариуцлага хүлээдэггүй гэдгийг судалгаанд оролцогчид тэмдэглэв. Хамгаалсан эсэхийг нууц санал хураалтаар шийддэг бөгөөд шийдвэрийнхээ учир шалтгааныг тайлбарлах шаардлага байдаггүй тул горилогч яагаад тэнцээгүйгээ огт мэдэхгүй үлддэг тохиолдол ч цөөнгүй аж.

Хоёрдугаарт, судалгаанд оролцогчид хамгаалалтад давхар стандарт үйлчилдгийг онцолсон. Зарим чадавх султай хамгаалуулах зөвлөл дээр эрх мэдэл, танил талтай, эд хөрөнгөтэй оюутнуудыг хамгаалалтад дэмждэг үзэгдэл гардаг. Нэгэн зөвлөлийн гишүүн "Зөвлөлийн гишүүдэд авлига өгөх, хувийн үйлчилгээ үзүүлэх замаар нөлөөлөх зохисгүй үйлдэл одоо ч байсаар байна" гэв.

Мөн энэ асуудалтай холбоотойгоор гадаад, ялангуяа Өвөр Монголоос ирж суралцдаг оюутны тухай асуудлыг хөндөв. Гадаад оюутны сургалтын төлбөр өндөр байдаг тул сургуулиуд аль болох олон гадаад оюутан элсүүлэхийг эрмэлздэг бөгөөд элсэлт нь сүүлийн жилүүдэд нэмэгдсэн байна. Гэвч зарим оюутан академик чадвар сул, эсвэл хэлний бэрхшээлтэй байсан ч, нэр нөлөөтэй багш нар, зөвлөлийн гишүүдэд авлига өгч, эсвэл диссертацаа өөр хүнээр бичүүлж хамгаалдаг тохиолдол ч байдгийг судалгаанд оролцогчид дурдав.

Гуравдугаарт, оюутны бүтээл үнэхээр өөрийнх нь бие даасан ажил мөн үү гэдэгт эргэлзээтэй, судалгааны өгөгдлийг хуурамчаар бүрдүүлсэн зөрчлүүд, ялангуяа нийгмийн шинжлэх ухааны салбарт нэлээд гардаг гэдгийг онцлов. Нийгмийн ухааны судалгаанд голцуу тоон судалгааны арга хэрэглэдэг бөгөөд асуулга авах явцад өгөгдлийг зориуд хүссэн үр дүндээ тааруулах, эсвэл худал өгөгдөл цуглуулах зэрэг судалгааны хамгийн энгийн ёс зүйн шаардлагыг ч хангадаггүй зөрчил олон байдгийг мөн онцлов.

Сүүлийн үед хуулбарлалт (plagiarism) шалгах программ ашиглах болсон нь оюуны хулгайг багасгахад тодорхой хэмжээнд тус болжээ. Гэвч дижитал хэлбэрт шилжсэн эрдэм шинжилгээний бүтээлийн сан цөөн, зөвхөн цөөхөн их сургуулийн мэдээллийн санг л шалгадаг учраас зөрчлийг бүрэн илрүүлэх боломжгүй байна. Судалгаанд оролцсон нэгэн хамгаалуулах зөвлөлийн гишүүн, өөр оронд хамгаалсан бүтээлийг зүгээр орчуулаад Монголд дахин хамгаалсан тохиолдол байсныг дурдав. Зарим гишүүдийн үзэж байгаагаар, ийм зөрчил гарахад удирдагч багш нарын хяналт сул байдаг, мөн академик шударга ёсны соёл хараахан бүрэн төлөвшөөгүй байгаатай холбоотой гэв. Тэд бас нэг чухал зүйлийг онцолсон нь: бүтээлийн оригинал эсэхийг эцсийн хамгаалалтын үед бус, харин судалгааны төлөвлөгөө боловсруулах болон тэнхимийн семинарын шатанд удирдагч багш, зөвлөх нар эрт хянаж, баталгаажуулсны дараа л хамгаалалтад оруулах ёстой. Эс бөгөөс хамгаалуулах зөвлөлийн гишүүдээр үүнийг эцсийн мөчид шалгуулах гэдэг нь утгагүй арга гэдгийг тэд тэмдэглэв.

Дөрөвдүгээрт, докторантуудын хэлснээр, хамгаалалттай холбоотой санхүүгийн дарамт тэдэнд хүнд дарамт болдог байна. Зарим салбарт докторант нь хамгаалуулах зөвлөлийн гишүүд, хөндлөнгийн шинжээчид, тэр байтугай ердийн семинарт саналаа өгөх багш нарт хүртэл урамшуулал төлбөр өгөх шаардлагатай болдог гэв. Нэгэн докторант ийм нэмэлт төлбөр төлөх нь бодит байдал дээр "бичигдээгүй дүрэм" болсныг хэлэв. Ийм албан бус шаардлага нь их хэмжээний нэмэлт зардал үүсгэхээс гадна, заримдаа докторант мөнгийг дугтуйд хийж, профессоруудад өөрийн гараар гардуулж өгдөг сонин, итгэмээргүй практик ч байдаг гэв. Хамгаалалтын дараах цайллага, хоол цайны зардал нь мөн санхүүгийн дарамт болдгийг оролцогчид хэлж байв.

Тавдугаарт, хамгаалалтын явц нь бүтээлч үнэлгээ гэхээсээ илүү хатуу шалгалт мэт явагддагийг оролцогчид онцлов. Нэгэн комиссын гишүүн "Зарим хамгаалалт дээр судалгааны сэдэв, арга зүйтэй холбоогүй, хаа хамаагүй асуултаар докторантыг булж, үг үсэг, найруулгын алдаа шалгах шалгалт мэт болж хувирдаг" гэж, зарим салбарт горилогчийг хэт хатуу шүүмжилж, айлгадаг гэв. Мөн диссертацыг бүрэн, нягт уншиж судалдаг зөвлөлийн гишүүн цөөхөн байдаг. "Заримдаа зөвхөн 2–3 гишүүн л идэвхтэй асуулт тавьж оролцдог, бусад нь тийм ч оролцоогүйгээр зүгээр ирдэг… Зарим хамгаалалт яаруу сандруу явагддаг тул бүх үйл явц хуурамч харагддаг" гэв.

Зургаадугаарт, судалгаанд оролцсон хамгаалуулах зөвлөлийн гишүүд, зөвлөлийн гишүүдийг томилох үйл явцад улс төрийн нөлөө ихээхэн ордог гэдгийг онцлов. 2023 онд шинэчлэл хийж, зөвлөлийн гишүүдийг цахим бүртгэлээс сонгохоор болсон. Гэвч өнөөг хүртэл олон гишүүнийг мэргэжлийн ур чадвар дээр нь бус, харин танил тал, хувийн ашиг сонирхолд нийцүүлэн сонгосоор байна. Нэгэн академик удирдлага "Зөвлөлийн бүрэлдэхүүн байнга өөрчлөгдөж байгаа нь улс төрийн нөлөө, хүмүүсийн хоорондын зөрчилдөөн их байгааг харуулдаг" гэв.

Доктор хамгаалахын өмнө олон улсад болон дотооддоо өгүүлэл хэвлүүлсэн байх шаардлагатай болсон нь давуу болон сул талтай гэдгийг оролцогчид мөн хөндөв. Зарим оролцогч үүнийг эерэгээр үнэлж байв. Тэдний үзэж байгаагаар, олон улсын эрдэмтдээр хянуулж, магадлуулсан өгүүлэлтэй байх нь хамгаалуулах зөвлөлийн субъектив нөлөөг багасгах илүү бодит, шударга шалгуур болдог. Мөн өгүүлэл бичих нь докторантын судалгааны ур чадварыг мэдэгдэхүйц сайжруулдаг гэж тэд тэмдэглэв. Харин зарим оролцогч энэ шаардлагыг бодит байдалд нийцэхгүй, хэтэрхий өндөр гэж үзэж байв. Манай орны нөхцөлд судалгааны арга зүйн сургалт сул, удирдагч багш нарын чадавх ихээхэн ялгаатай, санхүүжилт байхгүй, арга зүйн зөвлөгөө хангалтгүй байдаг. Ийм нөхцөлд оюутнаас олон улсын өндөр импакттай сэтгүүлд өгүүлэл хэвлүүл гэж шаардах нь хэтэрхий өндөр шалгуур гэв. Дэлхийн тэргүүлэх их сургуулиудад өгүүлэл хэвлүүлэх нь оюутны өөрийнх нь сонголт байдгаас, заавал бичих шаардлага байдаггүйг онцлов. Тэр ч байтугай багш нар өөрсдөө ч ийм сэтгүүлд хэвлүүлэхэд хэцүү байдаг гэдгийг хэлэв. Үүний улмаас зарим оюутан зөвхөн өгүүллийн шаардлагыг биелүүлэхийн тулд өгүүллээ өөр хүнээр бичүүлэх, өгөгдлөө зохиох, судалгаанд бодитоор оролцоогүй атлаа зохиогчоор нэрээ хавсаргах зэрэг судалгааны ёс зүйн зөрчил гаргах хандлагатай болдог гэв.

Хамгаалуулах процесст гарч буй эдгээр зөрчлийг зөвхөн зөвлөлийн гишүүдийн ёс зүйн болон процедурын алдаа гэж үзвэл учир дутагдалтай. Учир нь зөвлөлийн дүрмийг хэдэн ч удаа өөрчилж, гишүүдийг сольсон ч, эсвэл их сургуулиудыг "докторын хөтөлбөр нь чанаргүй байна" гэж шүүмжилж, хөтөлбөрөө хэдэн  удаа ч шинэчилсэн,  асуудал бодитоор шийдэгдээгүй хэвээр байна. Асуудлын гүн үндэс рүү орж үзвэл, сүүлийн 30 жилд дээд боловсролд хэрэгжүүлж ирсэн бодлого, мөн соёлын хүчин зүйлүүд нөлөөлж байгааг харж болно.

Нэгдүгээрт, 1990-ээд оноос хойш хэрэгжсэн дээд боловсролын бодлого их сургуулиудад олгодог байсан улсын санхүүжилтийг хэт багасгаж, тэднийг сургалтын төлбөрөөс хэт хамааралтай болгосон. Үүний улмаас их сургуулиуд элсэлтээ нэмэгдүүлэхийн тулд, докторт тэнцэхгүй байсан ч оюутныг элсүүлэх болсон. Ингэж олон оюутан төлбөртэйгөөр докторт элсдэг болов. Гэвч тэдний ихэнх нь ажлын хажуугаар суралцдаг тул судалгаандаа цаг зарцуулах боломж хомс байдаг. Үүн дээр судалгааны арга зүйн сургалт, дэмжлэг сул, удирдагч багш хүрэлцээгүй зэрэг нь нэмэгдэж, элссэн олон оюутан цаашид ахиц гаргаж чадахгүй гацдаг байна.

Мөн чанар султай зарим хувийн сургуулиуд докторын хөтөлбөрийг олноор нээсэн. Ашгийн төлөө ажилладаг ийм сургуулиуд нийгмийн статус, нэр хүнд хөөцөлддөг хүмүүст докторын диплом олгож, үүгээрээ ашиг олох хандлагатай болжээ. Энэ нь академик боловсролын үндсэн зорилго, чанарыг улам сулруулж байна. Ийнхүү чанар султай олон хүн элссэний улмаас академик ёс зүйн зөрчил эрс нэмэгджээ.

Өөр нэг том хор уршигтай бодлого бол судалгааны санхүүжилтийн бодлого юм. Манай улс шинжлэх ухаан, судалгааг улс, нийтийн өмч гэж үздэггүйн илрэл нь судалгаа хөгжүүлэлтэд маш бага санхүүжилт олгодог. Тухайлбал, судалгаанд зарцуулах хөрөнгө нь дотоодын нийт бүтээгдэхүүний ердөө 0.08 хувь бөгөөд энэ нь дэлхийн дундаж (2.68 хувь)-аас хэт доогуур үзүүлэлт юм. Ийм бага санхүүжилтийн улмаас докторын оюутны судалгаа хийх орчин, эрдэмтэн багш нарын чадавх, судалгааны төслийн боломж эрс хумигджээ. Салбарын санхүүжилт сул байгаа тул чадварлаг эрдэмтэд их сургуулиас гарч байна. Үүний улмаас академик хамт олны чадавх суларч, судалгааны ёс зүй нь багш нарын дунд ч ихсэж байна.

Дөрөвдүгээр шалтгаан нь хуучин нийгмээс ирсэн бурангуй хандлагатай холбоотой. Манжийн үеэс, дараа нь социализмын үед цол хэргэм, гавьяа шагнал хөөцөлдөх соёл тогтсон. Үүнтэй холбоотойгоор докторын зэрэг нь шинжлэх ухаанд хувь нэмэр оруулах бүтээл гэхээсээ илүүтэй, нийгмийн статус, нэр хүнд хөөцөлдөх хэрэгсэл болжээ. Ийм байдлаар докторын зэрэг авсан хүмүүс зэргээ авмагцаа цаашид судалгаа хийхээ больдог тохиолдол олонтаа гардаг. Тиймээс олон хүн докторын зэрэгтэй болж байгаа ч, судалгааны гарц төдийлөн нэмэгдэхгүй байгааг үүгээр тайлбарлаж болохоор байна.

Тавдугаар шалтгаан нь социализмын үеэс уламжилж ирсэн хэт төвлөрсөн хамгаалуулах зөвлөлийн систем юм. Энэ систем нь ашиг сонирхлын зөрчил үүсэх, улс төрийн нөлөөнд автах, шийдвэр ил тод бус гарах, мөн хариуцлагагүй хандах зэрэг олон асуудал үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Докторын зэрэг хамгаалуулах үйл явцыг сайжруулахын тулд судалгаанд оролцогчид зөвхөн дүрэм, журмыг өнгөц өөрчлөх бус, илүү өргөн хүрээний, гүнзгий шинэчлэл хийхийг санал болгов. Докторын судалгаа нь санхүүжилтээс шууд хамаардаг. Тиймээс үндэсний түвшинд эн түрүүнд дээд боловсрол, судалгааны санхүүжилтийг ДНБ-ий наад зах нь 2% хүргэж байж, судалгааны чанар, үр дүн, нөлөөг сайжруулна гэж оролцогчид үзэв.

Эрдмийн зэрэг хамгаалахад тавигдах шаардлагын хувьд өгүүлэл хэвлүүлэх тоон квотыг дахин авч үзэх шаардлагатай. Учир нь ийм шаардлага нь нөөц боломж хязгаарлагдмал докторантуудад илүү их дарамт учруулж, судалгааны ёс зүйн зөрчил гаргах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Олон улсын жишигт, өгүүлэл бичиж хамгаалах эсвэл диссертац бичиж хамгаалах гэсэн хоёр сонголтыг докторантад олгодог. Өгүүлэл бичих нь заавал байх шаардлага болохгүй ч, чадавхыг нь илэрхийлэх давуу тал учраас докторант өөрийн шийдвэрээр өгүүлэл бичих нь чухал. Шалгуур шаардлагаа хэт өндөрсгөхөөс илүүтэй эхлээд чадавх бэхжүүлэх, бодитоор дэмжих, сургалт арга зүйн зөвлөмжийг сайжруулахад анхаарвал илүү үр дүнтэй байна.

Ил тод байдлыг нэмэгдүүлэхийн тулд гурван зүйл чухал гэж үзэв:

  • нэгд, хамгаалуулах зөвлөлийн гишүүнд тавигддаг шаардлагыг чанд баримталж хэрэгжүүлэх;
  • хоёрт, гишүүн ашиг сонирхлын зөрчилтэй бол үүнийгээ заавал мэдэгддэг тогтолцоо бий болгох;
  • гуравт, докторант шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол давж заалдах боломжтой, нарийвчилсан журмыг боловсруулах. Мөн гадаадаас эрдэмтэн, түүнчлэн гадаадад амьдардаг Монгол эрдэмтдийг хамгаалуулах зөвлөлд оролцуулах нь тустай. Учир нь энэ нь докторын ажлын чанарыг хөндлөнгөөс баталгаажуулах мөн хамгаалуулах зөвлөлийн чадавхыг сайжруулах боломжийг нэмэгдүүлнэ.

Түүнчлэн, докторын хөтөлбөр эрхэлдэг сургуульд тавигдах шаардлагыг илүү ил тод шударга хэрэгжүүлэх шаардлагатай. Чадавхгүй  сургуульд ийм хөтөлбөр эрхлэх эрх олгохгүй байх нь чухал. Ингэснээр докторын зэргийг ашиг олох хэрэгсэл болгож ашиглах явдал, мөн үүнд холбогдох улс төрийн нөлөөллийг зогсооход тустай байна.

Сургууль, тэнхимийн түвшинд хоёр чиглэлээр шинэчлэл хийх хэрэгтэй. Нэгд, хамгаалахаас өмнө докторантын ажлын явцыг үнэлж, санал зөвлөмж авах бодит боломжийг нэмэгдүүлэх. Хоёрт, докторант зөвхөн нэг удирдагч багшаас бүрэн хамааралтай байдлыг зогсоох. Ингэснээр илүү чанартай диссертац хамгаалалтад ирж, хамгаалалтын хэлэлцүүлэг эрдэм судлалын агуулгад илүү төвлөрнө. Дугтуйтай мөнгө хамгаалуулах зөвлөлийн гишүүдэд өгдөг зохисгүй практикийг бүрэн зогсоох шаардлагатай. Их сургуулийн багш нарын цалин бага байдаг тул зөвлөлийн гишүүдэд хөлс төлөх нь зүй ёсны хэрэг. Гэвч энэ хөлсийг оюутан өөрийн халаасны мөнгөөр биш, харин сургуулийн захиргаанаас төлдөг болгох шаардлагатай.

Судалгаанд оролцогчдын үзэж байгаагаар, одоогоор их сургуулиудад судалгааны академик соёл өргөн хүрээнд төлөвшөөгүй байна. Тиймээс хамгаалуулах зөвлөлийг шууд их сургуульд шилжүүлэн өгөх нь одоохондоо эрсдэлтэй гэж тэд үзэв. Гэхдээ ойрын ирээдүйд их сургуулийн санхүүжилт сайжирч, шилдэг багш нар олширч, академик соёл, ёс зүйн ерөнхий түвшин массаараа дээшлэх үед докторын зэргийг их сургууль өөрөө олгодог тогтолцоо руу үе шаттайгаар шилжих боломжтой гэж тэд үзэв.

Хамгийн гол нь, социализмын үеийнх шиг зөвхөн дээрээс, төрөөс, яамнаас шийдвэр гарахыг хүлээж, асуудлыг зүгээр шүүмжлээд суух биш юм. Харин академик хамт олон өөрсдөө академик ёс зүйг хамгаалах мэргэжлийн хариуцлагаа өндөржүүлэх хэрэгтэй байна гэдгийг тэд онцолж байв. Профессоруудын зөвлөл, эсвэл ахисан түвшний сургалтын зөвлөл гэх мэт мэргэжлийн холбоо байгуулж, нэгдсэн бодлого боловсруулж, шинэчлэлийг өөрсдийн гарт авах нь чухал юм гэж үзэв. Эцэст нь, судалгаанд оролцогчид докторын хамгаалуулах тогтолцоог их сургуульд суурилсан, академик ёс зүйн 6 зарчим болох шударга байдал, итгэлцэл, тэгш байдал, хүндэтгэл, хариуцлага, эр зоригт тулгуурласан, улс төрийн нөлөөллөөс ангид, докторантын хөгжлийг дэмжсэн, ил тод үйл явц болгоход академик хамт олны дуу хоолой, хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг дахин онцлов.

 

 

Энэхүү нийтлэлийг  дараах судалгаанд үндэслэн бичив: Gantogtokh, O. (2026). "Navigating Academic Integrity in Doctoral Education: A Study of Misconduct in Doctoral Defence Practices in Mongolia." Higher Education Quarterly, 80:e70109. https://doi.org/10.1111/hequ.70109